Малыг амьдаар нь экспортловол түүхий эдийн бүх үйлдвэрүүд гурван жилийн дотор ХААЛГАА БАРИНА

Малыг амьдаар нь экспортловол түүхий эдийн бүх үйлдвэрүүд гурван жилийн дотор ХААЛГАА БАРИНА

-НЭГ КОМПАНИЙН ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЖ ШИЙДВЭР ГАРГАСАН Ч.УЛААН САЙДЫГ АТГ-Т ШАЛГУУЛНА-

Махны холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооноос хамтран хилээр амьд мал гаргах шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ үеэр “2017 оны арваннэгдүгээр сард малыг амьдаар нь экспортлох гаргах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор малыг амьдаар нь хилээр гаргах үйл ажиллагаа эрчимжиж байна. Тиймээс махны холбооноос амьд мал экспортлохыг эсэргүүцсэн албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт хүргүүлсэн. Гэвч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Зургадугаар сарын 17-ны өдрөөс амьд мах экспортлох ажил эхлэх гэж байна” гэлээ.

Бид 1950, 1960 оны үед ОХУ-руу малыг амьдаар нь экспортлодог байсан. Тус үйл ажиллагааг арай хийж зогсоосон. Гэтэл энэ үйл ажиллагааг дэмжсэн шийдвэрийг дахин гаргаж буй нь ухралт гэж үзэж буйгаа дээрх холбоодын удирдлагууд хэллээ.

Тодруулбал, Арьс ширний холбооны тэргүүн Д.Баярсайхан “Арьс ширний салбарынхан технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлдээ ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ салбар тогтвортой хөгжилдээ хүрсэн байгаа. Өнөөдөр бид малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож байж ажилтай, орлоготой байна. Гэтэл энэ боломжийг хаасан шийдвэрийг Засгийн газраас гаргасан” гэлээ.

Өлөн гэдэс үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооны тэргүүн Б.Мөнхзаяа “Малын өлөн гэдэс, зайдасны бүрхэвч уламжлалт экспортын бүтээгдэхүүн. Яг нарийн ярьвал Монголоос Европын холбоо руу гаргаж байгаа ганцхан бүтээгдэхүүн нь зайдасны бүрхэвч. Энэ ажлыг хувийн хэвшил олон жил нуруундаа үүрч яваа. Энэ салбарт 1000 гаруй хүн ажиллаж байна. Жилдээ 3.5 сая малын өлөн гэдсийг боловсруулаад экспортлож байна. Тэгэхээр энэ салбарын ажил зогсох нь. Бид түүхий эдгүй болох нь. Махны үнэнд оролцож байгаа бодлогынхоо эсрэг шийдвэрийг Засгийн газраас гаргалаа” гэсэн юм.

-МОНГОЛ МАЛЫН ГЕНД НОЦТОЙ ХОХИРОЛ УЧИРНА-

Хэрвээ энэ шийдвэр хэрэгжиж эхэлбэл мах болон малын түүхий эдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүхий л үйлдвэрүүд хаагдахаар байна. Тэр дундаа ноолуурын салбарт ноцтой хохирол учруулж байна. Гурван жилийн дараа Монголын түүхий эд боловсруулж, экспортлодог бүхий л үйлдвэрүүд хаагдсан байх болно гэж дээрх холбоод мэдэгдлээ. Ч.Улаан сайд “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” нэг компанийн төлөө Монголын махны экспортыг устгах гэж байна. Ганц компанид давуу байдал бий болгосон энэ явдлын цаана авлигын хэрэг байж болзошгүй. Тиймээс Ч.Улаан сайдыг АТГ-д өгч шалгуулна.

Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх ёстой. Энэ бол монгол малын генд ноцтой хохирол учруулсан шийдвэр гэж тэд хэллээ.




Өнөөдөр гахай өдөр

44 минутын өмнө