Индонезид тэмцээнд оролцсон монгол охид эх орондоо ирж чадалгүй 40 хонож байна

Индонезид тэмцээнд оролцсон монгол охид эх орондоо ирж чадалгүй 40 хонож байна

Монгол Улсаа төлөөлөн Индонез улсад талбайн теннисний 16 хүртэлх насны "Fed Cup" тэмцээнд оролцсон гурван тамирчин охин нэг дасгалжуулагчийн хамт эх орондоо ирж чадалгүй 40 хонож байна. Теннисний тамирчин Ч.Маралгоо, Х.Номин Г.Есүгэн нар нь хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн тус тэмцээний эхний тойрогт Гуам улсын багийг 3-0-ээр хожсон байна.

Гэвч шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас тэмцээн зогсож, улмаар эх орондоо ирж чадалгүй гацаад байгаа аж. Тэдгээр охидын аав ээж нар охидоо эх оронд нь авчрахад дэмжлэг болохыг хүсэж УОК-ын дарга Ө.Энхтүвшинд өнөөдөр захидал хүргүүлжээ. 

"Тусгай нислэгээр охидоо ирүүлэх бүхий л боломжийг хайсан ч Истанбулаас ирэх нислэгт багтаагүй. Токиогоос ирэх зорчигчдын жагсаалтад багтсан ч Гадаад харилцааны яамнаас охидын маань нэрсийг хассан" гэдгийг захидалд тэмдэглэжээ. Тиймээс Засгийн газар, УОК-оос охидоо эх оронд нь авчрахад дэмжлэг болохыг хүссэн байна. 

Өнөөдрийн байдлаар, Индонез улсад шинэ коронавирусээр 1528 хүн өвчилж, 136 хүн амиа алдаж, 81 хүн эдгэрчээ.  Охид хариуцаж явсан дасгалжуулагчаас өөр харгалзах хүнгүйгээр хүний нутагт гацаад буйд эцэг эх нь санаа нь зовниж, Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хандаж захидал бичжээ.

 




“BONUS BOOST” BSB-д

4 цагийн өмнө