ЯРИЛЦЛАГА: "Бидэнд онгоцны хоёр л суудал олдсон. Бүгдээрээ явмаар байна"

ЯРИЛЦЛАГА: "Бидэнд онгоцны хоёр л суудал олдсон. Бүгдээрээ явмаар байна"

Хоёр хоногийн өмнө олон нийтийн цахим сүлжээгээр Индонез улсад талбайн теннисний 16 хүртэлх насны "Fed Cup" тэмцээнд оролцсон гурван охин дасгалжуулагчийнхаа хамт эх орондоо ирж чадалгүй 40 хонож байна. Тэдгээр охидын эцэг эхчүүд охидоо авчрахад тусламж хүсэж УОК-ын дарга Ө.Энхтүвшинд захидал хүргүүлсэн талаарх мэдээлэл гарч эхэлсэн билээ. Тамирчин Ч.Маралгоо, Х.Номин Г.Есүгэн нар хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн дээрх тэмцээний эхний тойрогт Гуам улсын багийг 3-0-ээр хожсон байна. Гэсэн ч Индонезид коронавирусийн халдвар гарсан тул тэмцээнийг зогсоож, охид эх орондоо ирж чадахгүй гацжээ. Бид нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулахаар тэдэнтэй холбогдсон юм.

Охид Сингапураар дамжин Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирэх байсан ч Сингапур улс хилээ хаасан тул явах боломжгүй болжээ. Дараа нь Токиогоос ирэх онгоцонд багтсан ч тэднийг хугацаандаа ирээгүй гэсэн шалтгаанаар хассан байна. Биднийг Г.Есүгэнтэй холбогдоход тэд Японы “Нарита” нисэх онгоцны буудал руу явахаар юмаа бэлдэж байсан юм.

-БИДНИЙГ ТЭМЦЭЭНДЭЭ ЯВАХ ҮЕД КОРОНАВИРУСИЙН ЯМАР Ч ТОХИОЛДОЛ
БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙСАН. ЗАРИМ ХҮМҮҮС ХАЛДВАР ГАРСНЫ ДАРАА
ЯВСАН ГЭЖ БУРУУ ОЙЛГОСОН БАЙСАН-

-Сайн байцгаана уу. Индонезод анх хэзээ очсон бэ. Тэмцээн зогссон гэж дууллаа?

-Сайн байна уу. Бид Дэлхийн теннисний багийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах урьдчилсан тэмцээнд хоёрдугаар сарын 23-нд оролцохоор ирсэн. Тэмцээн хоёрдугаар сарын 24-29-ны хооронд үргэлжилсэн юм. Тэмцээндээ амжилттай оролцож гуравдугаар байранд ороод дараагийн тэмцээндээ орох эрхээ авсан. Гэхдээ коронавирусийн улмаас дараагийн тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

-Та нарыг тэмцээнд явах үеэр Индонезод нөхцөл байдал хэр байсан бэ?

-Индонези, төдийгүй Монголд коронавирусийн халдвар гараагүй байсан. Тийм болохоор тэмцээндээ оролцохоор явсан юм. Түүнээс биш халдвар гарчхаад байхад явсан юм байхгүй. Зарим хүн буруу ойлгосон байсан.

-Одоо хэн, хэнтэй байгаа вэ. Багш нь хамт байгаа юу?

-Манай багш Солонгос хүн. Солонгос руу явчихсан. Одоо энд манай авга эгч, багийн маань Маралгоо, Номин бид дөрөв байгаа.

-Истанбулийн онгоцоор ирэх байсан ч боломжгүй болсон гэж дууллаа?

-Тийм ээ. Бид нар Сингапураар дамжин Истанбулд очих байсан юм. Гэтэл Сингапур хилээ хаачихсан учир очих боломжгүй болсон. Дараа нь Японоос нисэх тусгай үүргийн онгоцонд нэрээ бүртгүүлсэн. Одоо Нарита руу дахиад нисэх гэж байна.

-ДАХИАД НЭГ СУУДАЛ ОЛЖ ЧАДВАЛ ЯДАЖ БИД ГУРВЫГ ЯВУУЛААД
ЭГЧ ҮЛДЭНЭ ГЭСЭН-

-Гадаад хэргийн яамнаас хүсэлтээ хугацаанд нь ирүүлээгүй гэсэн шалтгаанаар та гурвын нэрийг хассан гэсэн. Одоо очиход суудал байгаа юм уу?

-Хоёр суудал олдсон гэсэн. Дахиад нэг суудал олж чадвал ядаж бид гурвыг явуулаад эгч үлдэнэ гэсэн. Бид нар дөрвөн удаа нисэх онгоцны буудал очоод бүтэлгүйтсэн. Токио Улаанбаатарын чиглэлд очих онгоцоос биднийг Японд хугацаандаа ирээгүй гэсэн шалтгаанаар хассан байсан. Үнэндээ бид нарт Японоос илүү Индонези аюулгүй байсан тул нислэгийн өдрийг дөхүүлж байгаад очъё гэж бодсон юм. Тэгтэл биднийг Японы нислэгээ хоёр хоног хойшлуулсан учраас суудлыг өөр хүнд шилжүүлсэн гэсэн. Бидний нэр 700 хүнээс 200-д бичигдсэн байсан болохоор Монгол руу явах нислэгт багтсан гэж бодсон юм. Одоо дахиад нэг суудал олдох байх гэсэн найдлага тээгээд очих гэж байна.

-Одоо Индонезод байдал хэр байна. Та нар хаана байрлаж байгаа вэ?

-Индонезид коронавирусийн халдварын 1600 орчим тохиолдол бүртгэгдсэн. Анх ирэхэд хөл ихтэй, хүн бужигнасан хот байсан бол одоо гудамж, талбай хоосорсон байдалтай байна. Бид нар 40 гаруй хоног байр түрээсэлж байна.

-Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэж байна?

-Энд өдөрт хийх зүйлгүй, байрныхаа мөнгийг төлөөд сууж байгаа.  Байрны өдрийн 200 доллар төлдөг. Гадагшаа тэмцээнд явахад маш их мөнгө шаарддаг. Үнэндээ бидний аав, ээж тийм бололцоотой хүмүүс биш. Биднийг гадаад явуулахын тулд чадах чинээгээрээ л дэмжсэн.

-40 гаруй хоног харийн нутагт байлаа шүү дээ. Гэрээ санаж байна уу?

Гэрээ мэдээж санаж байна. Бид бүгдээрээ л эх орондоо очихыг хүсэж байна.

-МОНГОЛ РУУ ИРЭХ ХОЁР СУУДАЛ Л ОЛДСОН ГЭВ-

Биднийг оройны 20 цагийн үед холбогдоход тамирчин гурван охин ийн ярьж, дахиад ядаж нэг суудал олдох болов уу гэсэн найдлага тээн “Нарита” нисэх онгоцны буудал руу явах гэж байна гэсэн юм. Харин  22 цагийн үед холбогдоход хоёр суудал л гарсан. Дахин нэг суудал гарах боломжгүй байна гэсэн мэдээг өгсөн юм. Харин охидын нэр тусгай үүргийн онгоцын бүртгэлээс яагаад хасагдсан талаар ГХЯ-аас асуухад “Хүсэлтээ хоёр өдрөөр хожимдож гаргасан гэж байлаа”. Гэтэл тамирчин охид Японд гарсан коронавирусээс сэргийлэн нислэгийн хугацаа дөхүүлээд очих зорилготой байжээ. Маргаашийн нислэгээр хоёр нь эх орондоо ирлээ гэхэд нэг нь эгчтэйгээ үлдэж дахин тусгай үүргийн онгоцыг хүлээх болж байна.