Б.Отгонбаатар: Сайпан арал дээр вирус тархах өндөр магадлалтай. Тиймээс эх орон руугаа эртхэн буцмаар байна

Б.Отгонбаатар: Сайпан арал дээр вирус тархах өндөр магадлалтай. Тиймээс эх орон руугаа эртхэн буцмаар байна

АНУ-ийн Калифорни мужийн харьяа Сайпан арал дээр “Жунсон констракшн” байгууллагын гэрээгээр барилгын ажил хийж буй 124 монгол иргэн эх орондоо ирэхийг хүсч бидэнд хандлаа.

Тэд төрийн дууллаа дуулж буй бичлэгээ олон нийтийн цахим сүлжээнд цацаж, ирж авахыг хүссэн юм.

-САЙПАН АРАЛ ДЭЭР КОВИД19 ВИРУСИЙГ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ 
АВАХ БОЛОМЖГҮЙ-

 АНУ-ын Калифорни мужид харьяалагдах Сайпан аралд  хамгийн анхны тохиолдол гуравдугаар сарын 28-нд бүртгэгдсэн бөгөөд одоогоор нийт зургаан тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Сайпан арал дээр Ковид19 вирусийг илрүүлэх шинжилгээ  авах боломжгүй тул сэжигтэй тохиолдлуудын сорьцийг Гуам улсын эрүүл мэндийн лабраторит явуулж байгаа аж. Монгол улсын иргэдийн хувьд гуравдугаар сарын 30-наас ажлаа бүрэн зогсоож, өөрсдийгөө тусгаарлаж байсан бол өчигдөр Imperial Pacific International байгууллагаас ирсэн зөвлөмжийн дагуу тусгай үүргийн онгоц иртэл ажлаа үргэлжлүүлэн хийхээр болсон байна. Тэд өнөөдрөөс эхлэн ажил гэрийн хооронд ариутгасан тээврээр зорчиж, ажлын байраа тусгаарлахаар болжээ. Тэдгээр иргэд эх орондоо эрүүл буцаж ирэх хүсэлтэй байгаа бөгөөд хүсэлтээ ЭМЯ-д хүргүүлсэн байна. Тус иргэдийг гэрээгээр ажиллуулж буй “Жунсон констракшн”-ы зүгээс ЗТХЯ, ЭМЯ, ГХЯ-д ажилтнуудаа авчрах хүсэлтийг хүргүүлээд, нислэгийн зардал, тусгаарлах байрны төлбөрийг хариуцна гэжээ. Ингээд Сайпан арал дээр буй монгол иргэдийн төлөөлөл Б.Отгонбаатартай тэдний нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-ОДООГООР 108 ЭРЭГТЭЙ, 14 ЭМЭГТЭЙ, 7-15 НАСНЫ
ГУРВАН ХҮҮХЭД БАЙРЛАЖ БАЙНА-

-Анх ямар нөхцөлтэйгөөр Сайпан арал дээр ажиллах болсон талаараа яриач?

Өнгөрсөн оны наймдугаар сард Монголоос “Жунсон констракшн” компаний гэрээгээр 160 орчим монгол иргэн Сайпан арал дээр барилгын ажлын гүйцэтгэлээр ирсэн. Тэдний зарим нь буцаж яг одоогоор 108 эрэгтэй, 14 эмэгтэй, 7-15 насны гурван хүүхэд байрлаж байна. Бид аюулгүй байдлын үүднээс өөрсдийн хүсэлтээр ажлаа зогсоож, дотуур байрандаа өөрсдийгөө тусгаарласан ч өчигдөр орой ирсэн зөвлөмжийн дагуу өнөөдрөөс эргэн ажилдаа орохоор болсон. Энд ойролцоогоор хоёр гурван жилийн ажил үлдэж байгаа ч бид бүгд эх орондоо эрүүл энх буцаж, гэр бүлтэйгээ уулзахыг хүсэж байгаа.

-Буцах хүсэлтэй байгаагаа албаны байгууллагад мэдэгдсэн үү?

“Жунсон констракшн” компани биднийг хариуцаж гэрээгээр явуулсан учраас бидний өмнөөс холбогдох байгууллагуудад бичиг хүргүүлсэн гэсэн. Одоогоор ямар нэг албаны хариу ирээгүй л байна. Өөрсдийн зүгээс гарын үсгээ цуглуулж, ЭМЯ-ны цахим хуудас руу санал хүсэлтээ бичиж байгаа. Монголд байгаа ар гэрийнхэн маань ч бас чадахаараа саналаа хэлж, ярьж байна. ЭМЯ-руу залгахад “харьяа элчин сайдын яамандаа бүртгүүлэх хэрэгтэй тэндээс дарааллын дагуу арга хэмжээ авна” гэж хариулсан байсан. Энэ арал нь нягтаршил ихтэй учраас вирус тархах өндөр магадлалтай. Тиймээс аль болох хурдан явахыг хүсэж байна.

-Нэгдүгээр сарын сүүлээр ГХЯ-наас гадаадад байгаа иргэдээ ирэх зөвлөмж гаргахад ирж болоогүй юм уу?

-Тухайн үед энд коронавирусийн сэжигтэй илрээгүй, тархах магадлал ч бага байсан. Сайпан арал нь Номхон далайн дунд байдаг жижигхэн арал учраас энд бараг л илрэхгүй байх гэж бодсон. Гэтэл гаднаас вирус тээгч хоёр хүн ирээд өөрсдөө мэдэлгүй арав гаруй хоног явчихсан байсан. Тиймээс цаашдаа тархалт нь ихсэх аюултай байна.

-КОРОНАВИРУСИЙГ ИЛРҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙХГҮЙ УЧРААС БИДНИЙГ
ХАЛДВАР АВААГҮЙ ГЭСЭН БАТАЛГААНЫ БИЧИГ ЭНДЭЭС
ГАРГАЖ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ-

-Сайпан аралд байдал ямархуу байна вэ, онц байдал зарласан уу?

Албан ёсны мэдээллээр онцгой байдлын хоёрдугаар зэрэгтэй байгаа. Бүх дэлгүүр, банк, үйлчилгээний байгууллагууд 13.00 цагаас хойш ажиллахгүй, 19.00 цагаас хойш гэрээсээ гарахыг хориглосон.

-Өөрсдийгөө тусгаарлах үйл ажиллаагааг хэрхэн зохион байгуулж байна вэ? Ямар нэг хүндрэл тулгарч байна уу?  

-Бид сарын өмнөөс коронавирусээс өөрсдийгөө сэргийлж маск, бээлийтэй ажилдаа явж байсан. Харин анхны тохиолдол илэрснийг сонсоод (3.28нд) дундаасаа нэг баг гаргаж хүнсээ сайтар нөөцлөөд дотуур байрандаа тусгаарлалтад орсон. Энд үйл ажиллагаа явуулдаг IPI гээд байгууллагаас өдөрт гурван удаа хоол өгдөг. Дотуур байранд нэг өрөөнд дунджаар 2-3 хүн амьдарч байгаа. Бид өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, ариутгал цэвэрлэгээг чадах хэмжээндээ хийдэг. Өдөрт гурван удаа халуунаа хэмжиж, тэмдэглэл хөтөлж байгаа. Коронавирусийг илрүүлэх төхөөрөмж байхгүй учраас биднийг халдвар аваагүй гэсэн баталгааны бичиг эндээс гаргаж өгөх боломжгүй. Тиймээс өөрсдийн боломжоороо л эрүүл мэнддээ анхаарч байна. Өнөөдрөөс ажилдаа буцаад орж байгаа учраас ажлын байраа тусгаарлаж, аюулгүй байдлаа сайтар хангаж ажиллана.

-САЙПАН АРАЛ СОЛОНГОС, ЯПОНТОЙ ОЙРХОН БАЙРЛАДАГ-

-АНУ дахь Элчин сайдын яам, Консулын газраас холбогдсон уу?

-Одоогийн байдлаар ямар нэг холбоо тогтоож чадаагүй байна.

Албаны байгууллагуудад ямар хүсэлт тавьж байгаа вэ. Тусгай үүргийн онгоц очвол онгоцны буудал бий юу?

-Энэ арал хэдийгээр АНУ-ийн харьяанд байдаг боловч газарзүйн байрлалын хувьд Солонгос, Японтой ойр. Энд ирсэн хүмүүс Улаанбаатараас Сөүл, Хонконгоор дамжиж ирсэн учраас ирсэн замаараа буцах боломжтой гэж бодож байна. Энэ арал нисэх онгоцны буудалтай. Тийм учраас Монголын талаас асуудал аль болох хурдан шийдэгдэж бидний хүсэлтийг хүлээн аваасай гэж хүсэж байна. Цаашдаа тусгаарлалтын үйл ажиллагаагаа хариуцлагатай хийж эх орондоо бүгдээрээ эрүүл очихыг хичээж байна.

М.ТЭРГЭЛ