ТЭМҮҮЛЭЛ хиймэл дагуулыг хөөргөхөд 6000 аяга, малгай борлуулах шаардлагатай

ТЭМҮҮЛЭЛ хиймэл дагуулыг хөөргөхөд 6000 аяга, малгай борлуулах шаардлагатай

МУИС-ийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн A/245 дугаартай тушаалын дагуу, “Мазаалай” хиймэл дагуул сансарт хөөрсний хоёр жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн ШУС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэх лаборатори, МУИС-ийн Инноваци, Технологи дамжуулах төв хамтран “Нано Хиймэл Дагуул ба Шинэ боломж” бизнес уулзалт, арга хэмжээг 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулсан. Уг уулзалтын үеэр Монгол инженерүүд Мазаалай хиймэл дагуулыг хийсэн туршлага дээрээ тулгуурлан, зөвхөн монгол эрдэмтэн судлаач инженерүүдийн гараар бүтэх дараагийн Тэмүүлэл хиймэл дагуулыг бүтээх гэж байгааг тэмдэглэн хэлсэн.

“Тэмүүлэл” төсөл нь Шинжлэх ухааны судалгаа, технологийн туршилтыг сансарт хийх боломжтой кубсат ангиллын хиймэл дагуул бөгөөд Сансрын технологийг эзэмших, өндөр технологийг дотооддоо бүтээх, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилготой төсөл юм. Уг төсөл нь гурван жилийн хугацаатай бөгөөд хиймэл дагуулын хөгжүүлэлт, угсралт, туршилт нь 2 жилийн хугацаанд, харин сансарт хөөрсний дараа нэг жил газраас удирдан ажиллах юм.

Харин уг хиймэл дагуулыг сансарт хөөргөх зардалд шаардагдах мөнгийг Монголоосоо босгох боломжийг эрэлхийлж байгаа гэлээ. Уг төсөлд шаардагдах хөрөнгийг 20 мянган төгрөгийн үнэ бүхий малгай, аяга зарж, олсон орлогоор нь босгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дээрх хоёр бүтээгдэхүүнийг тус бүр 6000 ширхэгийг зарж чадвал төслийн багийнхан санасандаа хүрч чадах юм байна.