Хүүхдийнхээ амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүслээ

Хүүхдийнхээ амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүслээ

Өнөөдөр иргэн Ц.Нямхүү, Д.Дунгармаа нар мэдээлэл хийлээ. Тэд хүүгийнх нь амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүх хяналтын байгууллага үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсч байгаагаа мэдэгдсэн юм.

Ц.Нямхүүгийн хүү Б нь 2017 оны гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө СБД-ийн XIII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадруун” гэх бааранд бүлэг этгээдүүдэд зодуулан амь насаа алджээ.

Шүүх хяналтын байгууллага нотлох баримтыг үл харгалзан хэргийн газарт байсан этгээдүүдийн нэг болох Ч-д 11 жилийн хорих ял оноожээ. Хохирогчийн ээж хэрэгт холбогдолтой бусад этгээдүүдийг ч хуулийн дагуу шийтгэж өгөхийг шаардаж байгаа юм.

Харин иргэн Д.Дунгармаагийн хүү Ж нь 2011 онд Налайхад ажиллаж байх үедээ амь насаа алджээ. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас түүнийг согтуурсан үедээ живж амь насаа алдсан гэж дүгнэсэн аж. Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн ходоод болон судаснаас этилийн спирт илрээгүйгээс гадна ус залгиагүй болох нь тогтоогджээ.

Хохирогчийн бие хөхрөлттэй, толгой хэсэг нь гэмтэлтэй, нүүр хэсэгт нь нүх гарч цус шүүрсэн байсан нь хэргийг үнэн мөнөөр нь шалгаагүй гэж үзэх үндэслэл болсон хэмээн ярилаа.