Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт болсон голомтын ойролцоо хоёр ойн түймэр гарсны улмаас цацрагийн түвшин огцом нэмэгдсэн талаар CNN агентлаг мэдээлсэн байна.
Тодруулбал, өнгөрөгч бямба гарагийн үдээс хойш Чернобылийн хүн амгүй бүсэд орших Владимировка тосгоны ойролцоо 50 орчим акр газрыг хамарсан түймэр гарчээ. Тус газарт 124 гал сөнөөгч, хоёр Ан-32П онгоц, Ми-8 нисдэг тэрэг хамгийн том түймрийг унтраахаар ажилласан бол бусад 14 гал сөнөөгч 12 акр талбайтай жижиг түймрийг унтраахаар даваа гарагийн өглөө хүртэл ажилласан талаар Украины онцгой байдлын алба мэдээлсэн.
Украины экологийн хяналтын албаны дарга Егор Фирсов өөрийн фейсбүүк хуудастаа цацрагийн хэмжээ илрүүлэх төхөөрөмжийн бичлэгийг "Муу мэдээ байна. Түймрийн төв хэсэгт цацраг идэвх хэвийн хэмжээнээс их байна" гэж мэдэгджээ.
Цацраг идэвхийн дундаж үзүүлэлт 0,14 мкв/цаг байдаг бол тухайн бичлэгт гарч буй үзүүлэлт нь 2,3 мкв/цаг заалттай байжээ. Энэ нь зөвхөн түймрийн дэгдэлтийн хүрээний үзүүлэлт юм.
Онцгой байдлынханы хэлж буйгаар газрын гадарга дээрх цацрагийн хамгийн дээд хэмжээ 0.5 мкв/цаг бол Фирсовын мэдээлсэн дүн нь үүнээс тав дахин их байжээ. Гэсэн хэдий ч Украины нийслэл Киев, Чернобыль хотод цацрагийн түвшин хэвийн байгааг гэж эрх баригчид мэдэгдэв.
"Жил бүр бид ижил дүр зургийг хардаг. Орон даяар талбай, ой, зэгс шатдаг."
Урьд нь Владимировка нь тосгоны ойролцоо бүс нутагт гал түймэр гарах нь ховор байжээ. Гэсэн ч хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас намрын улиралд гал түймэр элбэгшсэн аж. Фирсов түймэр тавьсан иргэдийг олж хатуу шийтгэл оногдуулах ёстой талаар мэдэгдэж, "Холбогдох хуулийн төслүүд санал хүргүүлсэн. Санал хураан авч хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Үгүй бол намар, хавар жил бүр томоохон хэмжээний түймэр гарах болно" гэжээ.
Эх сурвалж: CNN