Эрдэмтэд хорт хавдрыг илрүүлдэг “ухаалаг жорлон” зохион бүтээжээ

Эрдэмтэд хорт хавдрыг илрүүлдэг “ухаалаг жорлон” зохион бүтээжээ

Стэнфордын их сургуулийн туршилт судалгааны багийнхан хүнийг хурууний хээ болон шулуун гэдсээр нь ялгаж таньдаг жорлон бүтээжээ.  Энэхүү ухаалаг систем нь тухайн хүний шээс, өтгөнд шинжилгээ хийж өгөгдөл цуглуулан аливаа төрлийн өвчлөл, зарим нэг хорт хавдрыг илрүүлэх зориулалттай аж.

-"УХААЛАГ ЖОРЛОН" НЬ МЭДРЭГДЭХ ДАРАЛТ БОЛОН ХӨДӨЛГӨӨН
МЭДРЭГЧИЙГ АШИГЛАН ӨӨРӨӨ АЖИЛЛАДАГ-

Мэдрэгч хэрэгслийг ердийн суудалтай бие засах газар суурилуулснаар хүний биеийн глюкоз, цусны улаан эсийн тоо, өнгөр зэргийн ердийн хэмжээг хянах аж. Мөн архаг өтгөн хаталт, гэдэсний цочромтгой хам шинж, түрүү булчирхайн хорт хавдар, бөөрний дутагдал зэргийн урьдач нөхцлийг илрүүлж тухайн өвчлөлд өртөх магадлалтай хүмүүст туслах зорилготой юм.

Уг төхөөрөмжийг санаачлагч Стэнфордын их сургуулийн Радиологийн тэнхимийн багш, профессор Санжив Гамбхир “Би анх санаагаа 15 жилийн өмнө олж, хөгжүүлж ирсэн. Энэ тухай ярих бүрт хүмүүс доог тохуу хийж эсвэл их хачин юм гэж хэлдэг байсан. " гэжээ.

-ӨНДӨР ЧАНАРЫН ТАНИХ СИСТЕМ СУУРИЛУУЛСАН-

Хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг тусад нь ялгаж салгаж, нарийвчилсан мэдээллийн сан үүсгэхийн тулд судлаачид ус татагч дээр хурууны хээ уншигч байрлуулжээ. Гэвч энэ нь хангалттай баталгаатай байж чадахгүй гэж судлаачид үзээд шулуун гэдэсний амсар танигч жижиг камерийг суултуур дотор суулгасан байна.

Аливаа дээжээс гаргаж авсан, дүн шинжилгээ хийсэн мэдээллийг аюулгүй системд хадгалж эзэмшигчид автоматаар илгээх аж. Тиймээс ббрийн мэдээлэл алдагдана гэж санаа зоволтгүй байх нь.

Судлаачдын үзэж байгаагаар системийг хялбар, хурдан нэвтрэх үүднээс эмнэлгийн бүртгэл хөтлөх системд нэгтгэж болох боломжтой гэж үзэж байгаа гэв. Энэхүү төсөл нь эхний шатандаа байгаа бөгөөд судлаачид эмч, оношилгоог орлуулах зорилгогүй. Зөвхөн хэрэглэгчдэд эрүүл мэнддээ анхааран, урьдчилан сэргийлэхэд зориулсан байна.

Судалгааны эх Nature Biomedical Engineering-д нийтлэгдсэн