Зуун айлын үйлдвэрүүдийг хотоос 35 км-т нүүлгэнэ

Зуун айлын үйлдвэрүүдийг хотоос 35 км-т нүүлгэнэ

НЗДТГ-аас Налайх дүүрэгт парк байгуулж нийслэлийн барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх шийдвэр гаргалаа. Налайх дүүрэгт Барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк  байгуулагдсанаар  импортыг 40 хувь  бууруулна гэж тооцоолсон тухайгаа Хотын захиргаанаас мэдээлж буй юм. Тодруулбал, Улаанбаатар хотоос 35 км зайд буюу Налайх дүүрэг дэх Барилгын  материал үйлдвэрлэл, технологийн парк руу Зуун айл орчимд үйл ажиллагаа явуулж байгаа зэс боловсруулах, бетон, цемент, чулуу гэсэн барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх юм байна. Одоогоор 15 аж ахуйн нэгж гэрээ байгуулаад байгаа бөгөөд хүнд даацын засмал замын ажлыг эхлүүлж энэ онд багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Үйлдвэрүүдийг нүүлгэчихвэл газар дээр нь орон сууц барина. Зуун айлд хашаан дотор үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй үйлдвэр бий. Эдгээр том оврын үйлдвэрийг паркт төвлөрүүлнэ. Нийслэлийн төсвөөр 40-50 тонн автомашин явах зориулалттай төв замтайгаа холбосон гурван эгнээ бүхий хүнд даацын бетонон зам тавьж байна.Үйлдвэр технологийн паркийг хуулийн хүрээнд ашиглалт менежмент, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүд, паркийн захиргаа нарын хооронд эрх зүйн харилцаа тодорхойгүй байдал үүсэхээс сэргийлж гадны улс орны  үйлдвэрлэлийн паркийг судалж байна гэж албан эх сурвалж мэдээллээ.