Цэцэрлэгийн багш хүүхдүүдийг зодсон бичлэгээ устгадаг байжээ

Цэцэрлэгийн багш хүүхдүүдийг зодсон бичлэгээ устгадаг байжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 242 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар нь зоддог байсан нь тогтоогджээ. Тодруулбал, тус цэцэрлэгийн нэг ангийн арав гаруй хүүхэд цэцэрлэгтээ явахаас дургүйцэж, өдөр бүр шарх хөхрөлттэй гэртээ ирэх болсон байна. Үүнийг хүүхэд хоорондын маргаанаас болж байгаа гэх тайлбарыг цэцэрлэгийн багшийн зүгээс өгдөг байжээ.

Иймд эцэг эхчүүд энэ үйлдлийг эсэргүүцэн цэцэрлэгийн эрхлэгч н.Мөнхтуяад хандахад “Камержуулалт хийлгээд шалгаж болно” гэх хариултыг эрхлэгчийн зүгээс өгчээ. Үүний дагуу эцэг эхчүүд нэг хүүхдээс 30 мянган төгрөгийг цуглуулж, нийтдээ 6 сая 450 мянган төгрөгийг камержуулахаар цэцэрлэгийн удирдлагуудад өгсөн байна. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч 4 сая 700 мянган төгрөгийг камержуулалт хийхэд зарцуулжээ. Үлдсэн 1 сая 750 мянган төгрөгөөр хөшиг, ус цэвэршүүлэгч, хивс авч анги танхимыг тохижуулсан аж.

Багшдаа зодуулсан гэх арав гаруй хүүхдүүдийн хацар нь улайж унжсан байдалтай, олон дахин чимхсэн газар нь булчирхайн үрэвсэл үүссэн байна. Энэ хэргийг МХЕГ, АТГ, Нийслэлийн боловсролын газар, прокурорын байгууллага, Хүүхдийн эрхийн байгууллагад хандаад байгаа юм байна. МХЕГ-аас Цэцэрлэгийн үйл ажиллагааг шалган АТГ-т тухайн хэргийг шилжүүлжээ.