Батлан хамгаалахын сайд Д.Батлут Батлан хамгаалах яамны харьяа байгууллагууд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа цэргийн бүх анги, нэгтгэлийн хэмжээнд эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийх үүрэг даалгаврыг холбогдох удирдлагуудад өгчээ.
Үүрэг даалгаврын хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын хамтарсан ажлын хэсэг томилогдон ажиллаж эхлээд байна. Энэхүү үнэлгээ, шалгалтаар цэргийн ангиудын байршил, сургалт бэлтгэлийн орчин, харуулын алба болон өдөр тутмын үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэлүүдийг илрүүлэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Мөн илэрсэн эрсдэлийг бууруулах, арилгах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, цаашид хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө боловсруулахаар ажиллах юм. Аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн хяналт шалгалтыг энэ сарын 20-ны дотор зохион байгуулах бөгөөд шалгалтын явцад илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудал, санал зөвлөмжийг нэгтгэсэн тайланг долоодугаар сарын 2-ны дотор танилцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Уг арга хэмжээ нь цэргийн байгууллагуудын аюулгүй байдал, бэлэн байдал, дотоод хяналтыг сайжруулах зорилготой юм.