"ОХУ-ын тахлын хүрээлэнгийн ажилтны үхлийн шалтгааныг тодруулахаар нэмэлт мэдээлэл хүссэн" гэж ДЭМБ-аас мэдэгдлээ

"ОХУ-ын тахлын хүрээлэнгийн ажилтны үхлийн шалтгааныг тодруулахаар нэмэлт мэдээлэл хүссэн" гэж ДЭМБ-аас мэдэгдлээ

ОХУ-ын ОХУ-ын Эрхүү мужийн Эрхүү хот дахь "Сибирь, Алс Дорнодын Тахлын эсрэг судалгааны хүрээлэн"-гийн ажилтны үхлийн шалтгааныг “уушгины тахлаар өвчилсөн байж болзошгүй" гэсэн мэдээлэл дэлхий нийтийн анхааралд ороод байна. Энэ Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийх үеэрээ, "ОХУ-ын хил залгаа Казакстан, Киргизстан, Узбек зэрэг улсууд хяналтаа сайжруулсан учир Монгол Улс үүнээс ч илүү анхаарах шаардлагатай" гэж мэдэгдсэн. 

ВИДЕО: 

Тэгвэл Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус энэхүү үйл явдалтай холбоотой мэдэгдлийг өчигдөр /2026.10.07/ хийсэн байна. 

Тедрос Адханом Гебрейесус мэдэгдэлдээ, "Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ анхны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ОХУ-ын Эрхүү мужийн Эрхүү хот дахь Тахлын эсрэг судалгааны хүрээлэнгийн лабораторийн ажилтан нас барсан хэргийн талаарх мэдээллийг идэвхтэй дагаж, нөхцөл байдлыг тодруулж байна.

Тухайн ажилтан 2026 оны аравдугаар сарын 2-нд хүнд хэлбэрийн уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа нас баржээ. Анхны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд түүнийг лабораторид санамсаргүй байдлаар өртсөний улмаас уушгины тахлаар өвчилсөн байж болзошгүй гэж мэдээлсэн байна. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу ДЭМБ-аас мэдээллийг баталгаажуулах хүсэлт тавьсны хариуд Оросын эрүүл мэндийн байгууллагууд Эрхүү мужид сүүлийн үед тахлын тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлжээ.

Мөн Оросын тал тархвар судлалын судалгаа хийж, урьдчилан сэргийлэх болон халдварын эсрэг хяналтын арга хэмжээ авч, хавьтал болсон хүмүүсийг эмнэлгийн хяналтад оруулан шинжилгээнд хамруулсан гэж ДЭМБ-д мэдээлсэн байна. Тэдний мэдээлснээр, хавьтал болсон хүмүүсээс өндөр аюултай эмгэг төрүүлэгч илрээгүй бөгөөд тодорхойлогдсон бүх хавьтлыг эмнэлгийн хяналтад авчээ. ДЭМБ Оросын эрүүл мэндийн байгууллагуудтай холбоотой хэвээр байгаа бөгөөд техникийн дэмжлэг үзүүлж байна.

ДЭМБ хүнд хэлбэрийн уушгины хатгалгааны шалтгаан, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ авахад хүргэсэн байж болзошгүй эмгэг төрүүлэгч, мөн тодорхойгүй шалтгаантай уушгины хатгалгаагаар өвчилсөн гэх хоёр дахь ажилтны талаарх хэвлэл мэдээллийн мэдээллийг тодруулах зорилгоор Оросын талаас нэмэлт мэдээлэл хүссэн байна.

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу мэдээлэл солилцох нь хоорондоо зөрүүтэй мэдээллийг тодруулж, нийгмийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг үнэн зөв үнэлэхэд чухал ач холбогдолтой юм" гэжээ. 




Өнөөдөр туулай өдөр

40 минутын өмнө