Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах XXVII тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2026 оны тавдугаар сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан билээ. Тэмцээнд Азийн 45 орны шилдэг тамирчид оролцож, пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр өрсөлдөж, медалийн эздээ тодруулсан байдаг. Тэгвэл энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон таеквондогийн спортын өсөх ирээдүйтэй тамирчдын нэг, улсын 11 удаагийн аварга ОУХМ Л.Бадамтай бид энэ удаа таеквондогийн спортын онцлог, давуу тал болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний талаар ярилцлаа.
ВИДЕО:
-ДҮҮ МААНЬ ТАЕКВОНДОГООР ХИЧЭЭЛЛЭЭД СУРСАН ЗҮЙЛЭЭ НАД ДЭЭР ТУРШААД БАЙСАНД НЬ ШАР ХӨДЛӨӨД ЭНЭ СПОРТООР АНХ ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН-
-Анх яагаад таеквондогийн спортоор хичээллэхээр болсон бэ? Хэн хамгийн их нөлөөлсөн бэ?
-Ахлах ангид байхад дүү маань таеквондогоор хэсэг хугацаанд хичээллэж байсан юм. Тэгээд бэлтгэлээсээ орж ирээд дасгалуудаа үзүүлээд заримыг нь над дээр туршаад байдаг байсан. Тэр үед надад маш их таалагдаад ерөөсөө л таеквондогоор хичээллээд үзье гэж бодоод хичээллэж эхэлсэн дээ. Би зургаан настайгаасаа спортын гимнастикаар анх хичээллэж эхэлсэн. Зургаан жил орчим хичээллээд түр завсарласан байж байгаад дүүтэйгээ хамт таеквондогоор хичээллэсэн. Тэгэхээр анхны спортын суурь маань гимнастик байсан болохоор суурь сайтай байсан гэж боддог. Харин олимпын таеквондогийн төрлөөр 15 наснаасаа хичээллэж эхэлсэн.
-Таны хувьд пүмсэ төрлийн тамирчин. Гэхдээ энэхүү төрлийг мэдэхгүй хүн олон байх шиг байна лээ. Пүмсэ төрлийн онцлог нь юу вэ?
Таеквондогийн спорт тулаант болон пүмсэ гэсэн үндсэн хоёр төрөлтэй байдаг. Манай монголчуудын хувьд таеквондо гэхээр л тулалдаж, зодолддог гэж бодоод байдаг. Тулаант төрөл нь бол мэдээж зодолдоно гэхдээ пүмсэ төрлийн хувьд үзүүлэх тоглолт хийдэг. Энэ нь тулаан спортуудад байдаг шиг сүүдэрт тулааны төрөл гэж үздэг. Пүмсэ төрлийн хувьд дотроо олон төрөлтэй байдаг. Ганцаарчилсан, эрэгтэй болон эмэгтэй баг, холимог, чөлөөт үзүүлбэрийн төрөл гээд байдаг. Миний хувьд чөлөөт үзүүлбэрийн төрлөөр нь илүү дагнаж хичээллэдэг.

-2022 ОНООС ПҮМСЭ ТӨРЛӨӨР ХИЧЭЭЛЛЭЖ, УЛСЫН 11 УДААГИЙН АВАРГА БОЛСОН-
-Та улсын 11 удаагийн аварга. Энэ бол хүн болгоны үзүүлээд байдаг амжилт биш шүү дээ. Энэ амжилт таныг илүү хурцалж өгдөг үү?
Таеквондогийн пүмсэ төрөл нэг удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр хоёр төрөлд орж болдог. Жишээлбэл миний хувьд ганцаарчилсан болон эмэгтэйчүүдийн багийн төрөлд нь зэрэг өрсөлддөг учраас улсын аварга шалгаруулах тэмцээндээ 11 удаа төрүүлчихээд байгаа.
-Өмнө нь тулаант таеквондогоор та хичээллэж байсан шүү дээ. Яагаад пүмсэ төрлийг сонгосон бэ?
Миний хувьд 2018 оноос 2022 он хүртэл тулаант төрлөөр хичээллэдэг байсан. Харин 2022 онд пүмсэ төрлийн ДАШТ болж байгааг хараад илүү гоё харагдаж надад илүү энэ төрөл нь тохирох юм байна гэж бодогдсон. Энэ төрлийн хувьд хэдийн хөгширсөн ч гэсэн мэргэжлийн тамирчин байх боломжтой гэдэг нь надад маш их таалагддаг.

-МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛСОН УЧРААС ИХ САНДАРСАН-
-Монгол Улсад анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ талаар та сэтгэгдлээсээ хуваалцаач.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хувьд анх удаа Монгол Улсад зохион байгуулагдсанд сэтгэгдэл маш өндөр байгаа. Энэхүү тэмцээнд медаль хүртсэн тамирчид Азийн наадамд оролуох эрхээ авах боломжтой байсан. Харамсалтай нь миний хувьд хараахан медаль авч чадаагүй ч гэсэн пүмсэ төрлөөс хоёр тамирчин медаль хүртсэнд үнэхээр баяртай байгаа.
-Өндөр чансаатай тэмцээнүүдэд өмнө нь дандаа өөр орнуудад оролцож байсан. Тэгвэл энэ удаа хайртай дотны хүмүүсийнхээ өмнө өрсөлдөхөд ямар байсан бэ?
Бусад орнуудад очиж тэмцээнд орохоор сандрах зүйл байхгүй санагдаг. Яагаад гэхээр намайг танидаг хүн байхгүй болохоор тэгдэг болов уу гэж боддог. Харин анх удаагаа өөрийн улсдаа өндөр зэрэглэлийн тэмцээний дэвжээн дээр гарахад их сандарсан. Ордонд маш олон миний таньдаг хүн ирчихсэн намайг үзэж байгаа учраас итгэлийг алдахгүй байх юм гэж санаа зовж байсан ч дэвжээн дээр гарахад бүр айдас арилсан.
-Ямар нэгэн спортоор хичээллэхэд гэр бүлийн дэмжлэг маш чухал байдаг. Ер нь танай гэр бүлийнхэн хэр сайн дэмждэг вэ?
-Манай аав спортын хүн байдаг. Дүү бид хоёрын спортод орсон шалтгаан нь манай аав гэж болно. Аав ээж хоёр маань хоёулаа л маш сайн дэмждэг. Бэлтгэлээ хийгээд л гэртээ харихад үргэлж халуун хоолтой, гэрийн ажлаас чөлөөлдөг гэх мэт намайг зөвхөн бэлтгэлдээ л анхаарахад маш их тусалдаг.