УИХ-ын чуулганы өчигдөр /2026.06.05/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл тэргүүтэй гишүүдийн өргөн мэдүүлсэн “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулж, санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн.
-"УС БАЛГАСАН МЭТ ЧИМЭЭГҮЙ" БАЙСАН ГИШҮҮД ТАВАН ЖИЛИЙН ДАРАА ЦОЛЫГ НӨХӨЖ ОЛГОЖ БАЙГАА УЛС ТӨРТЭЙ ХОЛБООТОЙ БАЙЖ МАГАДГҮЙ-
Энэхүү хуулийн төсөлд аймгийн харцага цолыг сэргээн олгох болон 1024 бөх барилдах эсэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч шийддэг байх талаар нэмэлт өөрчлөлт оруулж байгааг бид өмнө нь мэдээлсэн. Мөн энэхүү хуулийн төсөлд 2021 онд болсон Монгол залуучуудын холбоо ТББ-ын 100 жилийн ойд зориулсан барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон зарим наадамд амжилт үзүүлсэн бөхчүүдэд цолыг нөхөж олгох талаар нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь олон нийтийг талцуулаад байгаа юм.
2021 оны наадам өнгөрөөд аль хэдийн таван жил өнгөрчээ. Энэ таван жилийн хугацаанд олон нийт цахим орчинд л цолыг нь өгнө, өгөхгүй гэж маргаж байснаас биш энэ удаагийнх шиг улс төрийн хэмжээнд өндрийг авч байсан удаа байхгүй. Өмнө нь “ус балгачихсан мэт” чимээгүй байсан УИХ-ын гишүүд гэнэт л бөхчүүдэд цол олгоно гэж байгаа нь үүний ард ямар нэгэн улс төрийн ашиг сонирхол байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн хэлж буйгаар 17 бөхөд одоогийн байдлаар цолыг нь нөхөж олгоно хэмээн ярьсан байдаг. Тодруулбал, Г.Эрхэмбаяр, О.Балжинням, П.Сүхбат, Б.Гантогтох, Т.Батхуяг, Т.Энхтуяа, Д.Сумъяабазар, Б.Бат-Өлзий, Э.Ууганбаяр, Ч.Батчулуун, Т.Довчинсэмбээ, Э.Энх-Амгалан, Н.Батсайхан, Ц.Адъяа, Б.Уртнасан, Э.Мөнхбаатар, Б.Хадбаатар нарын цол, чимгийг нөхөж олгоно хэмээсэн.
Тэгвэл эдгээр 17 бөхийн нутгаар нь ангилан авч үзвэл хамгийн олон буюу Ховд, Өвөрхангай аймгийн бөхчүүд давамгайлж цол, чимгээ ахиулах боломжтой аж.
Түүнчлэн, энэхүү хууль санаачлагч гишүүдийн дунд УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудаас парламентад сонгогдсон О.Алтангэрэл, Б.Цогтбаатар, Г.Хосбаяр нар байгаа юм. Харин УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудад нэр дэвшиж сонгогдсон Э.Болормаа, З.Мэндсайхан нар тус хуулийн санаачлагчаар хуулийг өргөн барьсан. Үүнээс харахад УИХ-ын гишүүдийн хувьд 2028 оны сонгуулиар сонгогчиддоо нутгийнхаа бөхөд цолыг нь нөхөж олгосон хэмээн "сурталчилгаа хийх"-ээр таван жил мартчихаад байсан бөхчүүдийн цолыг сэргээхээр ажиллаад эхэлсэн байж магадгүй гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. Мөн энэхүү хуулийн ард Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын дарга С.Бямбацогт байгаа талаар зарим албан бус эх сурвалж мэдээлж буй.
-2021 ОНД УЛСЫН НААДАМ БОЛООГҮЙ, МЗХ-НЫ 100 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААН БОЛСОН-
2021 онд наадам болоогүй, зүгээр л байгууллагын ой хэмээн тус 17 бөхөд цол нөхөж олгоход шүүмжлэлтэй хандаж буй гишүүдийн нэг бол Ч.Лодойсамбуу. Тэрбээр, “2021 оны наадмыг өнжсөн, залуучуудын холбооны барилдаанд цол олгох асуудлыг ярьж байна. Тухайн үеийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Монголын түүхэнд хийсэн асар том гэм нүглийг бид арчих гээд сууж байна. 2021 оны долоодугаар сарын 2-нд Улсын их баяр наадмыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэвч энэ хуулийн төсөлд бөхчүүдийн цолыг нөхөж олгох гэж байна. Тэр бол наадам биш, би барилдааныг очиж үзсэн. Төв асарт залуучуудын холбоо сууж байсан. Залуучуудын холбоо буюу төрийн бус байгууллагын барилдаан” хэмээсэн байдаг.
Бөхчүүдийг авсан цолоо батлах эсвэл тав давж дахин шөвгөрсөн тохиолдолд цолондоо хүрч барилдаж байна гэж үздэг бичигдээгүй дүрэм бий.
Зарим бөхчүүд болон бөх сонирхогчдын хувьд 2021 оны тус барилдааныг чансаа өндөр барилдаан болсон, цолыг нь олгох ёстой гэж үзэж байгаа. Тэгвэл энэхүү барилдаан үнэхээр чансаа өндөр болсон гэхэд “хэцүү”. Тус барилдаанд таваас дээш давсан бөхчүүдэд цол олгоно гэж үзвэл улсын начин тав, улсын харцага дөрөв, улсын заан хоёр, улсын гарди нэг, улсын арслан нэг, нийт 13 бөх шинэ цолын болзол хангана. Гэхдээ эдгээр шинэ цол авах бөхчүүдээс улсын наадамдаа Б.Бат-Өлзий, Э.Ууганбаяр, Э.Мөнхжаргал гэсэн гурван л бөх дахин улсын наадамдаа шөвгөрөөд байгаа юм. Бусад 10 бөхийн хувьд дахин улсын наадамд одоогоор тав давж чадаагүй нь 2021 оны барилдааныг чансаа өндөр байгаагүй гэдгийг бататгаж байгаа юм.