Барилгын хана нураах ажил хийж байсан 15 настай хүү нурангинд дарагдан амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарсан. Энэ талаар талийгаач хүүгийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь өнөөдөр мэдээлэл хийлээ.
Талийгаачийн ахын хэлснээр, дүү нь тухайн өдөр ажил хийхээр явсан ч ямар ажил хийх гэж байгаагаа гэрийнхэндээ хэлээгүй байжээ. Тэрбээр "Тухайн өдөр найз маань залгаад 'дүү чинь хананд дарагдчихлаа' гэж хэлсэн. Ингээд хэргийн газарт очиход аврах ангийн ахлагч гарч ирээд 'Сэтгэлээ бэлдээрэй. Танай дүү чамайг орхиод явчихлаа' гэж хэлсэн" хэмээн ярьсан юм.
Мөн дүү нь хөдөлмөр зуучлалын байгууллагаар дамжин ажилд очдог байсан бөгөөд хог хаягдал цэвэрлэх ажилд явсан гэж ойлгож байснаа дурдав. Гэвч тухайн өдөр барилгын хана нураах ажилд оролцож байгаад осолд өртсөн байна.
Ар гэрийнхэн нь хөдөлмөр зуучлалын "Самушил" байгууллагад гомдолтой байгаагаа илэрхийлж, тус байгууллагаас ажил санал болгодог байсан ч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Түүнчлэн "Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, хүлээж бай гэсэн мэдээлэл өгсөн"гэлээ.
Өмгөөлөгчийн зүгээс Монгол Улсын хууль тогтоомжид 13-15 насны хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхэд тодорхой хязгаарлалт тогтоосон байдаг бөгөөд барилгын буулгалтын ажил нь хүүхэд эрхлэхийг хориглосон аюултай ажлын төрөлд хамаардаг болохыг онцолсон юм. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд хөдөлмөр зуучлалын байгууллагаар дамжин барилгын ажилд орж байгаа тохиолдол цөөнгүй байдаг талаар мэдээлэл ирдэг хэмээн дурджээ. Одоогоор уг хэрэгтэй холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд ар гэрийнхэн нь насанд хүрээгүй хүүхдүүдийг аюултай хөдөлмөр эрхлүүлэх асуудалд төр, засгийн түвшинд анхаарал хандуулахыг хүсэж байгаагаа илэрхийллээ. Энэ хүрээнд Ерөнхий сайдад хүргүүлэх албан шаардлагыг Ерөнхий сайдын зөвлөх, хуульч Г.Батхүүд хүлээлгэн өглөө.