АНУ-д B-52 бөмбөгдөгч онгоц осолдож, найман хүн амиа алджээ

АНУ-д B-52 бөмбөгдөгч онгоц осолдож, найман хүн амиа алджээ

АНУ-ын Калифорни муж дахь Edwards агаарын цэргийн баазад B-52 Stratofortress бөмбөгдөгч онгоц осолдож, онгоцонд байсан найман хүн амиа алдсан талаар АНУ-ын Агаарын цэргийн хүчин мэдээллээ.

Осол 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр орон нутгийн цагаар 11:20 цагийн орчимд болсон байна. Тус онгоц ээлжит туршилтын нислэг үйлдэхээр хөөрснийхөө дараахан осолдож, галд автжээ. Ослын газраас авсан агаарын дүрс бичлэгт онгоцноос бараг юу ч үлдээгүй бөгөөд өргөн талбайг хамарсан харласан бүс, өтгөн утаа харагдсан байна. Аврах болон гал унтраах албаны багууд шуурхай ажилласан ч амьд үлдсэн хүн байгаагүй аж.

Онгоцонд цэргийн алба хаагчид болон төрийн гэрээт ажилтнууд зорчиж байсан бөгөөд Boeing компанийн хоёр ажилтан багтсан байсан аж. 

Edwards баазын 412 дугаар Туршилтын жигүүрийн дэд командлагч хурандаа Жеймс Хэйс “Ослын бичлэгийг шалгасны дараа амьд үлдэх боломж байгаагүй нь тогтоогдсон. Бид найман америк иргэнээ алдлаа” хэмээн мэдэгдсэн байна.

Албаныхны мэдээлснээр осолдсон B-52 онгоц нь радарын шинэчлэлийн хөтөлбөрт ашиглагдаж байсан бөгөөд ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ. Урьдчилсан дүгнэлт гарахад зургаан сар хүртэл хугацаа шаардагдаж магадгүй гэж үзэж байна. B-52 Stratofortress нь 1955 оноос ашиглалтад орсон, холын зайн стратегийн бөмбөгдөгч онгоц бөгөөд АНУ-ын зэвсэгт хүчний хамгийн удаан ашиглагдаж буй нисэх онгоцнуудын нэг юм.

Эх сурвалж: AP