Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсвийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 1.3 их наяд төгрөгөөр бууруулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ.
Тэрбээр өнөөдөр /2026.11.29/ Нийслэлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганы нээлтэд оролцох үеэрээ ирэх оны төсвийн бодлого, эдийн засгийг идэвхжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан юм. Тодруулбал, татварын багц хуулийн өөрчлөлтөөр иргэд, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг нийт 1.3 их наяд төгрөгөөр бууруулахаар тусгажээ. Мөн НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх борлуулалтын орлогын босгыг одоогийн 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр 23,430 орчим аж ахуйн нэгж сар бүр НӨАТ-ын тайлан гаргах, татварын ачаалал хүлээх шаардлагаас чөлөөлөгдөх аж. Түүнчлэн жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүдэд ААНОАТ-ын нэг хувийн зохицуулалт үйлчлэхээр болжээ.

Засгийн газар татварын орлогоос хамаарах хамаарлыг үе шаттай бууруулж, төсвийн орлогын бүтцэд татварын бус орлогын эзлэх хувийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгааг Ерөнхий сайд онцолсон байна. Өмнөх жилүүдэд төсвийн нийт орлогын 90 гаруй хувийг татварын орлогоор бүрдүүлдэг байсан бол 2027 онд татварын бус орлогын эзлэх хувийг 21 хувьд хүргэхээр тооцжээ. Харин 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг 35 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна. Үүний хүрээнд төрийн өмчит компаниудын ашгийг төсөвт төвлөрүүлж, үүрэг, хариуцлагыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэд, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах аж.

Мөн Н.Учрал 2027 оны төсвийн хүрээнд хэрэгжүүлэх есөн гол шийдвэрийг танилцуулсан бөгөөд үүнд 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, татварын болон тэтгэврийн шинэчлэл хийх, 14 мянган өрхийг орон сууцтай болгох, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ахмад настнуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлөх, ногоон шилжилтийг дэмжих зэрэг арга хэмжээ багтжээ.