Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990-ээд оны эхэн үе олон мянган хүний амьдралд томоохон өөрчлөлт авчирсан. Төрийн өмчит үйлдвэрүүд хаалгаа барьж, ажилгүйдэл нэмэгдэн, өрхийн орлого эрс буурсан тэр үед иргэд амьжиргаагаа залгуулах шинэ боломж эрэлхийлж эхэлсэн юм. Энэ нөхцөлд Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ гэх жижиг худалдааны хэлбэр бий болж, хотын амьдралын салшгүй нэг хэсэг болсон байдаг.
ВИДЕО:
-ТҮЦ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХАНГАЛТТАЙ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭН-
Анхандаа ТҮЦ нь бизнесийн томоохон ашиг олох хэрэгсэл бус, харин амьдралаа авч явах боломж хомс иргэдийн түшиг тулгуур байлаа. Өрх толгойлсон эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэдхэн метр квадрат талбайтай төмөр мухлагт чихэр, ундаа, тамхи, өдөр тутмын хэрэглээний бараа худалдаалж орлого олдог байсан нь тухайн үеийн нийгмийн бодит дүр зураг байв. Харин эдийн засаг аажмаар тогтворжихын хэрээр ТҮЦ-үүдийн тоо эрс нэмэгдэж эхэлсэн. Ялангуяа 2000 оноос хойш нийслэлийн төвийн гудамж, автобусны буудал, сургууль, цэцэрлэгийн орчим, явган хүний зам дагуу олноор байрлах болсон юм. Хот байгуулалтын бодлого сул, хяналт хангалтгүй байсан жилүүдэд зарим нь зөвшөөрөлтэй ажиллаж байсан бол нөгөө хэсэг нь нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн ашиглаж эхэлжээ.
Хэдийгээр ТҮЦ ажиллуулахад худалдаа эрхлэх зөвшөөрөл авах, татварын бүртгэлд хамрагдах, эрүүл ахуй болон аюулгүй байдлын шаардлага хангах зэрэг тодорхой нөхцөл тавигддаг ч эдгээрийг бүрэн хангаагүй олон ТҮЦ нийслэлийн хэмжээнд олширсон байна. Үүний улмаас хотын өнгө үзэмж алдагдах, нийтийн эзэмшлийн талбай хумигдах, эрүүл ахуйн эрсдэл үүсэх зэрэг асуудал олон жил яригдсаар ирсэн байдаг.
-НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ, АВТОБУСНЫ БУУДАЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ДАГУУ БАЙРЛАСАН НИЙТ 1436 ТҮЦ-ИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮСЭН БАЙДАГ-
ТҮЦ-тэй холбоотой маргаан шинэ зүйл биш. Нийслэлийн удирдлагууд 2010 оноос эхлэн зөвшөөрөлгүй болон стандарт хангахгүй ТҮЦ-үүдийг үе шаттай цэгцлэх оролдлого хийж ирсэн ч бодит үр дүн төдийлөн гараагүй байдаг. Харин 2024 онд нийслэлийн удирдлага энэ асуудалд илүү хатуу байр суурь баримталж, төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбай, автобусны буудал, явган хүний зам дагуу байрласан нийт 1436 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Хотын захиргааны тайлбарласнаар энэ нь жижиг бизнесийг устгах бус, хотын төлөвлөлт болон нийтийн эзэмшлийн талбайн зохистой ашиглалтыг хангах зорилготой байв.
Тухайн үед ТҮЦ эрхлэгчдийн зүгээс хүчтэй эсэргүүцэл өрнөсөн. Зарим иргэн төв талбайд жагсаж, өлсгөлөн зарлаж, олон жилийн хөдөлмөрөө алдлаа хэмээн мэдэгдэж байсан бол нийслэлийн удирдлагууд амьжиргааны эх үүсвэрийг хамгаалах тодорхой арга хэмжээ санал болгосон байдаг. Үүний үр дүнд нийслэлийн төвийн хэсэгт байрлаж байсан олон ТҮЦ буулгагдаж, автобусны буудал болон явган хүний замууд чөлөөлөгдсөн. Иргэдийн зарим нь энэ өөрчлөлтийг эерэгээр үнэлж, сургуулийн орчимд хүүхдүүд чанарын баталгаагүй хүнс авах нь багассан гэж үзэж байсан бол хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд нийтийн орон зайг иргэдэд буцаан олгосон алхам гэж дүгнэж байлаа.
Тухайн үед ТҮЦ-ийн асуудал үндсэндээ шийдэгдсэн мэт харагдаж байсан ч удалгүй дахин сөхөгдөх нөхцөл бүрдээд байгаа юм.
-ТҮЦ-ИЙН АСУУДАЛ ДАХИН ОЛНЫ АНХААРЛЫН ТӨВД ОРЖ ЭХЭЛСЭН НЬ ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛСЭН “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГАТАЙ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР ХОЛБООТОЙ-
Саяханаас ТҮЦ-ийн асуудал дахин олны анхаарлын төвд орж эхэлсэн нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Чөлөөлье” санаачилгатай тодорхой хэмжээгээр холбоотой.
Тодруулбал, Энэхүү санаачилгын хүрээнд бизнес эрхлэгчдэд учирдаг зөвшөөрлийн дарамтыг бууруулах зорилгоор 146 төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөл болон бүртгэлийн тодорхой шаардлагаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүнд хүнсний зах, худалдааны төв, ресторан, үсчин, зочид буудал, нийтийн халуун ус зэрэг олон төрлийн үйлчилгээ багтсан бөгөөд жижиг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой байв.
Гэвч уг жагсаалтад “мухлаг” гэсэн ангилал багтсан нь олон нийтийн дунд өөрөөр ойлгогджээ. Зарим ТҮЦ эрхлэгчид болон иргэд үүнийг ТҮЦ-ийг дахин хаа сайгүй байрлуулахыг зөвшөөрсөн шийдвэр гэж хүлээн авч эхэлсэн байгаа юм.

Үнэн хэрэгтээ Засгийн газар бизнес эрхлэх зөвшөөрлийн асуудлыг хөнгөвчилсөн болохоос биш нийтийн эзэмшлийн талбай ашиглах, газар эзэмших, хот төлөвлөлтийн журам, бүсчлэлийн зохицуулалтыг хүчингүй болгоогүй юм. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэх эрх нь газар ашиглах эрхтэй адил ойлголт биш байв. Гэсэн хэдий ч төрийн бодлогын тайлбар олон нийтэд хүрэх явцад ойлголтын зөрүү үүссэ гэж ойлгож болох байх.
Үүний дараагаар Багшийн дээд, МУИС-ийн урд тал, Сансар, 100 айл зэрэг байршилд ТҮЦ дахин гарч эхлээд байна.
ТҮЦ эрхлэгчдийн зарим нь өөрсдийгөө зөвшөөрөлтэй гэж тайлбарлаж байсан бол дүүргийн удирдлагууд эдгээр байршил нь хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй, зөвшөөрөгдөөгүй газар гэж мэдэгдэж байлаа. Ингэснээр Ерөнхий сайд Н.Учралын хэрэгжүүлж буй бизнесийг дэмжих бодлого болон Хотын дарга асан Х.Нямбаатарын хэрэгжүүлсэн хот төлөвлөлтийн бодлого хоорондоо зөрчилдөж байгаа мэт ойлголт олон нийтэд бий болоод байгаа нь энэ.
-ДУРТАЙ НЭГ НЬ ТҮЦ-ЭЭ БУЦААЖ ТАВИХГҮЙ БАЙГАА, ХАРИН ТҮЦ-ИЙН ХОЛБООНЫ ТОЛГОЙЛОГЧ НАРТ “ДАРХАН ЭРХ” БИЙ-
Бид уг асуудлын хүрээнд СБД-т ТҮЦ эрхлэгчтэй хэсэг ярилцсан юм. Тэрбээр “Одоо байгаа ихэнх ТҮЦ-үүд бүгдээрээ шүүхийн шийдвэрийн шатанд явж байгаа. Өөрөөр хэлбэл зөвшөөрөл авах эсэх нь тодорхойгүй байгаа гэсэн үг. Тог цахилгаан гэх зүйл юу ч байхгүй.
Шуулуухан хэлэхэд албан ёсны зөвшөөрөл гээд байх зүйл хэнд нь ч байхгүй. Зарим ТҮЦ-ийг ачихгүй байх шалтгаан гэж л байгаа. Яг шүүх дээр очихоор хувь хүний өмчид халдаж болохгүй гэсэн заалтаар мөн өмгөөлөгчийн тусламжтайгаар би хуй хамуулчихгүй тогтоод байна.
Гэхдээ дүүргийн удирдлагуудын хувьд ачих, ачихгүй нь тусдаа. Яс юм нь дээрээ өмнө нь ТҮЦ-тэй байж байгаад буцаагаад авч ирээд тавьчихсан хүний хөрөнгийг тэр дор нь ачаад явж байгаа, би ч гэсэн хэд хэдэн удаа ачуулсан. Харин холбоо хамааралтай, сүлжээ “мап” үүсгэсэн хүмүүс бол ТҮЦ-ээ ачуулах нь бүү хэл төвийн бүсийн газруудад хэд хэдэн ТҮЦ тавьчихаад байгаа юм.
Судлаад үзвэл төвөөр байгаа, ачуулдаггүй ТҮЦ-үүд бүгдээрээ ТҮЦ-ийн холбооны, ар талтай, шийвдэр гаргадаг харьяа дүүргийн дарга нартайгаа үгсэн хуувилдчихсан нөхдүүд байдаг юм.
Тийм болохоор наадуул чинь санаа зовохгүйгээр нэгээс илүү ТҮЦ тавиад байгаа хэрэг. Би гэтэл хэзээ ачаад явах бол гэсэн айдастай байна. Хамгийн муухай нь “Итгэл” холбооныхон өөрсдөө санаа зовох зүйлгүй байж боломжийн байрлалд байгаа өөр нэгний ТҮЦ-ийн хуувилдаж ачуулаад тэр байршилд нь ахиад ТҮЦ тавихыг санаархаад байгаа” гэж байлаа.
