Засгийн газраас “Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай” анхдагч хуулийн төслийг 2026 оны зургаадугаар сарын 2-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Нийт 7 бүлэг, 29 зүйлээс бүрдэх уг төсөл нь иргэдэд шууд зээл олгодог шинэ банк байгуулах бус, арилжааны банкуудад урт хугацааны эх үүсвэр нийлүүлдэг тусгай зориулалтын санхүүгийн байгууллагын эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой юм.
Төсөл санаачлагчдын мэдээлснээр 2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн санхүүжилт хүлээж буй иргэдийн хүсэлт 5.1 их наяд төгрөгт хүрч, давхардсан тоогоор 40.5 мянган өрхийн хүсэлт дараалалд орсон байна. Санхүүжилтийн хүрэлцээ муу байгаагаас дөрвөн жилийн хүлээлт үүсээд байгаа нь шинэ эх үүсвэр бий болгох шаардлагыг нэмэгдүүлжээ.

Хуулийн төсөлд тусгаснаар төрөлжсөн банк нь иргэдээс хадгаламж татахгүй, иргэдэд шууд зээл олгохгүй. Харин үнэт цаас гаргах, хөрөнгө оруулалт татах замаар эх үүсвэр бүрдүүлж, түүнийгээ арилжааны банкуудад дамжуулан нийлүүлэх чиг үүрэгтэй ажиллах юм. Мөн улс төрийн нам, эвсэлд дэмжлэг үзүүлэх, банкнаас бусад этгээдэд зээл олгох, аль нэг банкинд давуу байдал бий болгох зэрэг үйл ажиллагааг хуулиар хоригложээ.

Төрөлжсөн банкны засаглалын хувьд Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй байх бөгөөд тав нь хараат бус гишүүн байна. Гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилж, нэг жилийн хугацаанд ТУЗ-ийн гишүүдийн талаас илүү хувийг солихыг хориглосон нь тогтвортой удирдлагыг бий болгох зорилготой аж. Засгийн газар нийт хувьцааны 34 хүртэлх хувийг эзэмших боломжтой бөгөөд үлдсэн хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид эзэмшихээр зохицуулжээ.

Эдийн засгийн талаас нь авч үзвэл уг төсөл хэрэгжсэнээр ипотекийн санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж, орон сууцны зээлийн хүртээмж сайжрах боломжтой гэж эдийн засагчид үзэж байна. Үүнээс гадна урт хугацааны үнэт цаасны зах зээл хөгжиж, хөрөнгө оруулагчдад шинэ бүтээгдэхүүн бий болох эерэг нөлөөтэй гэж дүгнэж байгаа юм. Гэвч төслийн эргэн тойронд болгоомжлол ч цөөнгүй байна. Засгийн газар банк байгуулах, хөрөнгө оруулах, өр төлбөрт баталгаа гаргах, шаардлагатай тохиолдолд татан буулгах хүртэл өргөн бүрэн эрхтэй байгаа нь төрийн нөлөө өндөр хэвээр үлдэх эрсдэлийг үүсгэж болзошгүй гэж зарим шинжээч үзэж байна.
Нөгөө талаар орон сууцны нийлүүлэлт хангалттай нэмэгдэхгүй нөхцөлд зээлийн эх үүсвэрийг огцом өсгөх нь эрэлтийг нэмэгдүүлж, улмаар орон сууцны үнийн өсөлтийг өдөөх эрсдэлтэй гэж анхааруулсаар байна. Мөн Засгийн газар өр төлбөрт баталгаа гаргах зохицуулалт нь ирээдүйд санхүүгийн эрсдэл улсын төсөвт шилжих магадлалыг дагуулж болох юм.
Хуулийн төсөлтэй хамт боловсруулсан зардлын тооцоо ч олон нийтийн анхаарлыг татаж байна. Монголбанкны хийсэн судалгаагаар Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк байгуулахад анхны дүрмийн санг 200 тэрбум төгрөгөөр бүрдүүлэхээр тооцжээ. Түүнчлэн байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах зөвхөн цалингын зардал сард 31.1 сая төгрөг, жилд 373.4 сая төгрөг байх урьдчилсан тооцоо гарсан байна.

Мөн ипотекийн зургаан хувийн хөтөлбөрийг Монголбанкнаас шинээр байгуулах банканд шилжүүлэх хүрээнд томоохон хэмжээний санхүүжилт шаардлагатай гэж үзжээ. Зардлын үнэлгээнд дурдсанаар төрөөс оруулах 200 тэрбум төгрөгийн дүрмийн сан, банкны эхний жилийн үйл ажиллагааны 915.5 сая төгрөгийн зардал, цаашлаад ипотекийн хөтөлбөрийг шилжүүлэхтэй холбоотойгоор таван жилийн хугацаанд нийт хэдэн их наяд төгрөгийн хэмжээтэй бонд гаргах хэрэгцээ үүсэхээр байгаа аж. Ингэснээр нийт хэрэгжилтийн өртөг ойролцоогоор 7 их наяд төгрөгт хүрч болзошгүй гэсэн тооцоолол хийгджээ.
