Ахлах ахлагч Д.Төрмөнх “Онцгой байдлын байгууллагын анхны сайдын нэрэмжит шагнал”-ын эзэн боллоо

Ахлах ахлагч Д.Төрмөнх “Онцгой байдлын байгууллагын анхны сайдын нэрэмжит шагнал”-ын эзэн боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Онцгой байдлын асуудал эрхэлсэн анхны сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар 2022 оноос олгож эхэлсэн “Онцгой байдлын байгууллагын анхны сайдын нэрэмжит шагнал”-ын 2026 оны эзнээр Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч- химичин, ахлах ахлагч Д.Төрмөнх тодорлоо.

Тус шагналыг Онцгой байдлын байгууллагын 22 жилийн ойн хүрээнд эрхэлсэн ажил, албандаа өндөр амжилт гаргасан алба хаагчдад олгодог уламжлалтай юм. Ахлах ахлагч Д.Төрмөнх нь 2015 оноос хойш Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа бөгөөд 11 жилийн хугацаанд нийт 781 удаагийн гамшиг, ослын дуудлагад үүрэг гүйцэтгэн, 230 гаруй иргэний амь насыг авран хамгаалжээ. Мөн 59 буцалтгүй нэрвэгдэгчийг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Түүний онцлох ажиллагаануудын нэг нь 2020 онд Дорнод болон Хэнтий аймгийн хэд хэдэн суманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод нийт 44 хоног ажилласан явдал юм. Мөн 2021 онд “Буйр” нуурын мөсөнд живсэн хоёр автомашиныг 31 градусын хүйтэнд 10 метрийн гүнд шумбалт хийж татан гаргасан бол 2025 онд “Хөх” нуурт живсэн автомашиныг мөн адил хүнд нөхцөлд гарган, нэг иргэний амь насыг аварчээ. Түүнчлэн энэ оны гуравдугаар сард Дорнод аймгийн Гурванзагал суманд 20 хоногийн хугацаанд ажиллаж, цасанд боогдсон 46 малчин өрхөд 2470 км зам гарган тусламж үзүүлж, 12 өрхийн малыг өвөлжөөнөөс зөөвөрлөн гаргаж, цасанд суусан 12 автомашин, 40 орчим иргэний амь насыг хамгаалсан байна.