Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн бохирдлыг бууруулж, цэвэр орчныг бүрдүүлэх зорилготой их цэвэрлэгээний аян өнөөдөр эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулж буй энэхүү аян 2026 оны зургаадугаар сарын 22-ноос наймдугаар сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Аяны хүрээнд Хөвсгөл нуурын хамгаалалтын бүсийн 545 км, Эгийн голын 303.1 км дагуух усны сан бүхий газрын тусгай хамгаалалтын нийт 5672.1 га талбайг хамруулан хог хаягдлыг цэвэрлэхээр төлөвлөсөн. Зохион байгуулагчдын мэдээлснээр, тус аян нь байгаль орчны бохирдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, иргэдийн экологийн боловсрол, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргасан бөгөөд уг шийдвэрийн хүрээнд нуурын экосистемийг хамгаалах, байгаль орчны доройтлыг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүд хэрэгжүүлж эхлээд байна.