Шүүгдэгч Б.О, Ю.У, Х.А нар нь бүлэглэн хохирогч С.Ши-ыг шүүгдэгч Г.Б-ээс зээлж авсан мөнгийг буцаан авах зорилгоор Г.Б-ий хатгаснаар 2023 оны тавдугаар сарын 22-ны өдөр 19.00 цагийн үед Налайх дүүргийн нутаг дэвсгэрт авч яван тавдугаар сарын 23-нд шилжих шөнийн 03-04 цаг хүртэлх хугацаанд “Э.А-аас зээлсэн мөнгөө буцаан өг” гэж С.Ши-т зэвсэг буюу хутга тулгах, биед нь халдаж цохих, нүцгэлэх, эд эрхтнийг нь гаргах, бэлэг эрхтнээ нүүрэн тус газар нь хүргэх зэргээр тохуурхан доромжилж, хүчиндэнэ гэж заналхийлсэн, мөн хохирогчийг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, зорчин явах эрхийг нь хязгаарлаж, Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүнийг хүчээр алга болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх: Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг хүчээр алга болгох, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан зэвсэг хэрэглэж, бүлэглэж заналхийлэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, ял шийтгэсэн байна. Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч нарын үйлдэлд заналхийлсэн гэмт хэргийн үйл ажиллагаа хэрэгжсэнээс бус хохирогчийг хүчээр алга болгох гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж үзэн, тус хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж, дараах дүгнэлтийг хийв.
1.Шүүх аливаа эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд хуулийг объектив болон субъектив хоёр өөр хандлагаар тайлбарлан хэрэглэдэг. Субъектив тайлбар нь хууль тогтоогчийн хүсэл зоригийг тодруулахад илүү анхаардаг бол объектив тайлбарын хүрээнд хуулийн хэм хэмжээг хэрэглэх гэж буй цаг хугацааны онцлогтой уялдуулж, хуулийн зорилго, мөн чанарыг нээн илрүүлэх замаар тайлбар хийнэ. Тодруулбал, субъектив тайлбар нь хуулийн заалтыг тайлбарлах хүрээнд хууль тогтоогчийн хүсэл зоригийг илрүүлэх, хуулийн үгийг хэрхэн олох, тухайлбал, уг хэм хэмжээ ямар утга, түүний хүсэл зоригийн дагуу агуулж байгаа гэдгийг илрүүлэх нь тайлбарлах үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч хуулийг хэлэлцэн батлахад яг ямар бодлого, зорилт тавьсан байсан бэ гэдгийг голчлон анхаардаг бөгөөд ингэхдээ хууль санаачлагчдын танилцуулга, үзэл баримтлал, хуулийн төслийн хэлэлцүүлгийн тэмдэглэл, тайлбар зэрэг баримтаас тодруулдаг. Хууль нь олон төрлийн, байнга өөрчлөгдөж байдаг нийгмийн харилцаанд, “ирээдүйн төлөө” бүтээгддэг учраас хууль тогтоогч тухайн хэм хэмжээг батлах үедээ ирээдүйд үүсэх нөхцөл байдал, гарч болох бүх өөрчлөлтийг урьдчилан тооцоолсон байдаггүй. Гэтэл хууль зохицуулж буй харилцааны бүх асуултад хариулт өгөх ёстой тул объектив тайлбараар хууль нь хууль тогтоогч өөрөө асууж амжаагүй асуултад ч хариулт өгөх ёстойг чухалчилж, хуулийн заалтыг тайлбарлах цаг хугацаа буюу шүүх хэрэглэх үед түүнийг юу гэж ойлгож хэрэглэхэд анхаарч, хүчин төгөлдөр үйлчилж байгаагаар нь тайлбарлах ёстой гэж үздэг байна.
Нийгмийн үзэгдэл, харилцааны олон талт байдалд хууль тогтоогч ширхэгчлэн хэм хэмжээ тогтоох бололцоогүй учраас бүрдүүлбэр бүхий нэр томьёо, үг хэллэг ашиглах, багцлах, хамааруулах, адилтгах зэрэг олон аргыг хэрэглэж хуулийн зохицуулах чадвар хүрээг өргөтгөдөг. Ингэхдээ объектив тайлбар нь хуулийг тухайн үед нийгэмд оршин байгаа нөхцөл байдал, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хууль тогтоогчийн зорилгоос үл хамааран хуулийн үг хэллэг, бүтэц, логик дараалал, систем, эрх зүйн зарчим дээр тулгуурлан тайлбарлана. Хууль тогтоогчоос хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг нэгдэн орсон Олон улсын конвенцын агуулгад нийцүүлэн хуульчилсан нь хуулийн үзэл баримтлал, Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулган, Хууль зүйн байнгын хорооны тэмдэглэлүүдэд “Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын конвенцод нийцүүлэн хүнийг хууль бусаар хорих гэмт хэргийг хүнийг хүчээр алга болгох гэмт хэрэг гэж томьёолсон” гэж тусгагдсанаас тодорхой илэрхийлэгдэж байх тул тус гэмт хэргийн шинжийг тайлбарлахад субъектив тайлбар хийх нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад ... Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон Олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэх хууль ёсны зарчмыг удирдлага болгоно.
2.Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн Конвенцын хорин зургаадугаар зүйлээр хүчин төгөлдөр гэрээг оролцогч улс заавал биелүүлэх үүргийг хүлээсэн ба ийнхүү биелүүлээгүй явдлыг дотоодын хууль тогтоомж дахь зохицуулалт зөвтгөх шалтгаан болохгүйг мөн Конвенцын хорин долоодугаар зүйлд заасан тул Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ нь дотоодын органик хууль тогтоомжоос давамгайлах хүчинтэй, түүний дээд эрэмбийн эрх зүйн акт болдог. Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн нь “pacta sunt servanda” зарчмыг хүлээн зөвшөөрч буйгаа хамгийн дээд хүчин чадал бүхий баримт бичиг болох Үндсэн хуульдаа тунхаглаж, олон улсын харилцааны болон гэрээний бүрэн эрхт субъектийн хувьд биелүүлэхээ батлан илэрхийлсэн явдал юм. Эрүүгийн эрх зүйгээс бусад эрх зүйн хамгаалалтын механизмаар таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломжгүй нөхцөлд үйлдэл, эс үйлдлийг Эрүүгийн хуулиар нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохдоо (ultima ratio) үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахыг зорилгоо болгосон байдаг ба Олон улсын гэрээг соёрхон баталснаар зарим төрлийн үйлдэл, эс үйлдлийг Олон улсын нийтийн эрх зүйн зарчмын дагуу үүсэх үүрэг, хариуцлагын хүрээнд гэрээний зорилгыг хангахын тулд үндэсний дотоодын хууль тогтоомжийг бий болгох, түүнд тусган хэрэгжүүлэх шаардлагатай. Олон улсын эрх зүйг үндэсний хууль тогтоомжтой уялдуулахад эшлэл хийх, хувиргах, зэрэгцүүлэн хууль тогтоох, шилжүүлэх, хуулбарлах зарчмуудыг баримталдаг байна.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван гуравдугаар бүлэг буюу хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэгт хүн худалдаалах, хүн хулгайлах, хүн барьцаалах, хууль бусаар баривчлах, саатуулах зэрэг хүний зорчих эрхийг хязгаарлах замаар хүний халдашгүй байдалд халдсан гэмт үйлдлийн шинжтэй хэд хэдэн гэмт хэрэг хуульчлагджээ. Үүнээс хууль тогтоогч Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пакт, түүний Нэмэлт Нэгдүгээр, Хоёрдугаар протокол, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенц, түүний нэмэлт протокол, Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нэгдэн орсноос гадна 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Конвенцыг соёрхон батлах тухай” хуулиар Хүнийг хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай Олон улсын конвенцыг соёрхон баталсантай холбогдуулан тус Конвенцоор хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүргийн хүрээнд эшлэл хийх зарчмыг баримтлан 2015 оны Эрүүгийн хуульд анх удаа хүнийг хүчээр алга болгох үйлдлийг гэмт хэрэгт тооцон хуульчилсан байдаг.
4.Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай Олон улсын конвенцын 2 дугаар зүйлд “Хүчээр алга болгох” гэдгийг “алга болсон аливаа хүний эрх чөлөөг хассан явдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан буюу түүний хувь заяаны талаарх мэдээлэл, эсхүл оршин суугаа газрыг нуусны улмаас тухайн хүнийг хуулийн хамгаалалт эдэлж чадахааргүй байдалд хүргэхүйцээр төрийн төлөөлөгчид буюу төрөөс эрх олгогдсон, дэмжлэг буюу зөвшөөрөл авсан этгээдүүд, эсхүл бүлэг этгээдийн тухайн хүнийг баривчлах, саатуулах, хулгайлах, эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хасахыг хэлнэ” гэжээ. Харин Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн (i) заалтад “хүмүүсийг хүчээр сураггүй алга болгох гэж төрийн болон улс төрийн байгууллага, эсхүл тэдгээрийн зөвшөөрлөөр буюу дэмжлэгтэйгээр хүмүүсийг баривчлах, албадан саатуулах буюу хулгайлах, цаашдаа эрх чөлөөг нь тийнхүү хассаныг хүлээн зөвшөөрөхгүй буюу урт удаан хугацааны туршид хуулийн зүгээс хамгаалалтгүй орхих зорилгоор эдгээр хүний хувь заяа, эсхүл байгаа газрын талаар мэдээлэхээс татгалзахыг хэлнэ” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгээр тус үйлдлийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хамааруулсан. Мөн НҮБ-ын Хүчээр алга болгохын эсрэг хорооноос 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр CED/C/MNG/CO/1 зөвлөмжөөр “... (16) одоогийн тодорхойлолтод эрх чөлөөг хязгаарлах бүх хэлбэрийг тусгаагүй, зөвхөн хууль бусаар хорих үйлдлийг хамруулсан байна. Хүчээр алга болгох гэмт хэргийг хүний эрх чөлөөг хууль ёсны дагуу хязгаарлаж эхлүүлээд дараа нь уг гэмт хэргийн бусад элемент, шинж давхар гарч ирснээр хууль бус болдог. ... (18) ... дотоодын хууль тогтоомжид хүчээр алга болгох түгээмэл дэлгэрсэн буюу тогтолцоо бүхий дадлыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт тооцох ...”-ыг зөвлөмж болгосныг дурдах нь зүйтэй. Олон улсын нийтийн эрх зүйн гэрээ нь ихэнх тохиолдолд ерөнхий бөгөөд тунхаг шинжтэй байдаг боловч дээрх гэрээ нь зорилго, агуулга, шинж чанарын хувьд “хүнийг хүчээр алга болгох” үйлдлийн хамрах хүрээ, шинж, онцлогийг тусгайлан нарийвчилсан байдлаар тайлбарласнаараа үндэсний хууль тогтоомжид шууд хэрэглэгдэх буюу өөрөө хэрэгжих бодит боломж бүхий эрх зүйн хүчин чадалтай гэж үзнэ.
Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын дээрх гэрээнүүдийн хамрах хүрээ, зохицуулалтын зүйл зэргийг уялдуулан тайлбарлавал хүчээр алга болгох нь төрийн албан тушаалтан болон төрөөс дэмжлэг авсан, зөвшөөрөл олгосны дагуу үйл ажиллагаа явуулж буй бусад этгээд аливаа хүнийг эрх чөлөөгөө хасуулж, ийнхүү хасуулсныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хохирогчийн хувь заяа, оршин байгаа газар, нөхцөл, цаг хугацааны талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, хуулийн хамгаалалт эдлэх боломжийг бүр мөсөн хязгаарласнаар илэрдэг байна. Өөрөөр хэлбэл, “de facto detention” буюу тухайн хүн албан ёсоор баривчлагдаагүй, яллагдаагүй, хоригдоогүй байсан ч бодит байдал дээр эрх чөлөөгөө хасуулсан, тухайн байршлаас өөрийн дураар зорчин явж чадахгүй, хуулийн хамгаалалт эдлэх боломжгүй нөхцөл байдалд байсныг хамруулахаас гадна аливаа заналхийлэл, хяналт, дарамт нь төрийн эрх мэдлийн эх сурвалжаас үүдэлтэй байх (ex auctoritate imperii)-аар хязгаарлагдана. 5.Хэргийн тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Г.Б, Б.О, Х.А, С.Ша нарт холбогдох хэргийн хувьд хохирогч С.Ши-т “зээлсэн мөнгөө буцааж өгөх” шаардлагын хүрээнд эрх чөлөөнд халдаж зодсон, хувцсыг нь тайлуулж нүцгэлсэн, хүчиндэнэ гэж заналхийлсэн зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан заналхийлэх гэмт хэргийн аргад хамаарахын зэрэгцээ хүчээр алга болгох гэмт хэргийн Олон улсын гэрээн дэх тодорхойлолтод хамаарахгүй, үндсэн шинжийг хангахгүй гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал, шүүгдэгч нарын хувьд гагцхүү зээлдүүлсэн мөнгөө түргэн хугацаанд буцааж авах зорилгоор Налайх дүүргийн нутаг дэвсгэрт болон шүүгдэгч Х.А-ын гэрт хохирогч С.Ши-ын халдашгүй байдалд халдан хүч хэрэглэсэн, зодсон, хүчиндэнэ гэж заналхийлсэн үйлдэл нь Конвенцууд дахь тодорхойлолт ба НҮБ-ын Хүчээр алга болгохын эсрэг хорооны зөвлөмжид тусгагдсанаар “хүчээр алга болгох гэмт хэргийг хүний эрх чөлөөг хууль ёсны дагуу хязгаарлаж эхлүүлээд дараа нь уг гэмт хэргийн бусад элемент, шинж давхар гарч ирснээр хууль бус болдог” гэсэн шинж хангагдахгүй. Мөн Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд хүнийг хүчээр сураггүй алга болгох гэмт хэрэг нь хуулийн зүгээс хамгаалалтгүй орхин сураггүй алга болгох үйлдэл нь урт хугацааны туршид үргэлжилсэн байхыг шалгуур болгосон байдаг. Үүнд ихэвчлэн гэмт этгээдийн үйл ажиллагаанаас гадуур, түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг таслан зогсоогдож, хохирогчийг ойр дотны хүн, хууль сахиулах байгууллага олж илрүүлэн хуулийн хамгаалалт эдлэх боломж, нөхцөл бүрдэж, хаана, ямар нөхцөл байдалд оршин байгаа нь тодорхой болсон байдлыг хамааруулдаг байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Г.Б нь хохирогч С.Ши-тай 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 17:00 цагийн үед уулзан Б.О, Ю.У, Х.А нь үргэлжлүүлэн авч явсан, улмаар тухайн өдрийн 19:00 цагаас 05 дугаар сарын 23-ны өдрийн 03.00-аас 04.00 цаг хүртэлх хугацаанд 8-9 цагийн турш хохирогчийн эсрэг заналхийлэл, хүчирхийлэл үргэлжилсэн, улмаар С.Ша нь хохирогчийг гэрийнх нь ойролцоо хүргэж өгсөн нь Конвенцоор тогтоосон хугацааны шалгуурыг хангахгүйгээс гадна шүүгдэгч нарын үйлдэлд хохирогчийг бүр мөсөн алга болгох, хуулийн хамгаалалтгүй орхих гэсэн зорилго агуулагдаагүй гэж үзэв.
Тодруулбал, шүүгдэгч Г.Би-ий хувьд гагцхүү зээлсэн мөнгөө буцааж авах үүднээс хохирогчид хүч хэрэглэхээр Б.О, Ю.У, Х.А нарыг хатгасны үндсэн дээр түүнийг заналхийлсэн гэмт үйл ажиллагаа хэрэгжсэнээс бус түүнийг алга болгосон, хорьсон, улмаар гэр бүлийн, ойр дотны хүн, өмгөөлөгч, хууль сахиулагч нараас хохирогчийг эрэн хайхад мэдээллийг нь өгөхөөс татгалзсан үйлдэл тогтоогдоогүй болно.