Маршал Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” кино бүтээнэ

Маршал Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” кино бүтээнэ

Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээхээр болсон билээ. Тус киноны тухайд Ю.Цэдэнбал агсныг  ХХ зуунд амьдарч байсан их удирдагч  хэмээн онцлон харуулах зорилготой гэнэ. Киноны уран бүтээлчид ОХУ-д очиж зураг авалтаа хийх бөгөөд Ю.Цэдэнбал агсны дүрийг гурван уран бүтээлч бүтээхээр шалгарчээ.

Тодруулбал, Ю.Цэдэнбал агсны бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрийг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар амилуулахаар болжээ.

Харин Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба (Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн) тоглохоор сонгогдсон байна. А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээхээр болжээ. Үүнээс гадна ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээнэ.

Киноны ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг  киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажиллаж байгаа бол киноны түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн нар ажиллаж байгаа аж. Киноны зураг авалтын үндсэн ажил энэ сараас эхлэх бөгөөд энэ ондоо багтаан үзэгчдэд хүргэнэ хэмээн төлөвлөж байгаа ажээ.