ШУУРХАЙ: Т.Даваадалайн цагдан хорих хугацааг дахин 15 хоногоор сунгажээ

ШУУРХАЙ: Т.Даваадалайн цагдан хорих хугацааг дахин 15 хоногоор сунгажээ

Нийслэлийн Засаг даргын I орлогч асан Т.Даваадалайг албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгаж байгаа билээ.

Тодруулбал, прокурорын саналыг үндэслэн өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдөр шүүхээс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Улмаар уг хугацаа дуусах үед прокуророос үргэлжлүүлэн цагдан хорих санал гаргаж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс яллагдагч нь "...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх..." эрсдэл арилаагүй гэж үзэн цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгасан юм. Харин Т.Даваадалай уг захирамжийг эс зөвшөөрч давж заалдсан боловч дээд шатны шүүх түүний гомдлыг хангахгүй орхиж, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.

Түүний цагдан хорих хугацаа долоодугаар сарын 22-нд дуусахаар байсан ч прокурор дахин хугацаа сунгах санал гаргасныг шүүх хэлэлцэн, 2026 оны долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 15 хоногоор үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Даваадалай нь "Туулын хурдны зам" төслийн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдээс өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар мөнгө авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар мөрдөх байгууллага мэдээлсэн. Тухайлбал, түүний эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, Б.Анхтуяагийн найзын үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, мөн Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг шилжсэн бөгөөд нийт дүн нь 6.6 тэрбум төгрөгт хүрсэн гэх мэдээллийг мөрдөх байгууллага өмнө нь олон нийтэд танилцуулсан юм.




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө