Өмнөд Солонгосын охидын алдарт Blackpink хамтлагийн гишүүн Lisa-гийн соло замналыг харуулсан “Always Lalisa” баримтат кино 2026 оны Торонтогийн Олон Улсын Кино Наадмаар нээлтээ хийх гэж буй талаар Sony Music Vision студи албан ёсоор зарлажээ.
Сью Кимийн найруулсан уг баримтат кино Blackpink хамтлаг уран бүтээлээ түр завсарласан нэг жилийн хугацаанд Lisa хэрхэн соло карьераа өсгөж, кино урлагт хөл тавьж, брэндээ хөгжүүлэхийн зэрэгцээ айдас, дарамт шахалттай тулж, тэдгээрийг хэрхэн даван туулж буйг харуулах аж. Ганцхан жилийн дотор Lisa 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлт дээр ая дуугаа өргөж, хөлбөмбөгийн ДАШТ-ий тайзан дээр дуулсан анхны к-поп дуучин болж, Coachella 2025-д соло уран бүтээлчээр оролцож, HBO сувгийн “White Lotus” цувралд дүр бүтээж, 2026 оны Met Gala үдшийн зохион байгуулах комисст багтаж, 2026 оны Golden Globes шагнал гардуулах ёслолд оролцож, Vanity Fair сэтгүүлийн зуны дугаарыг чимж, Netflix-н хоёр ч төсөлд оролцох болсноо зарлаж, Лас Вегасын The Colosseum-д тоглолтоо хийсэн анхны к-поп дуучин болсон юм.
Blackpink хамтлагийн гишүүний хувиар хэдийн нэр алдарт хүрсэн Lisa ганцхан жилийн дотор дуу хөгжмийн салбараас кино салбар луу, хөгжмийн наадмын тайзнаас хувцас загварын ертөнцөд хөл тавьснаар тэрбээр дэлхийн энтертайнмент салбарт өөрийн байр суурийг улам бэхжүүлснийг тус баримтат киноноос үзэж болох аж.