Шинэхэн гарди М.Лхагвагэрэл "Гацдаг" гэх гарди цолын тэмдгээ цаашдаа ч зүүхгүй байж магадгүй

Шинэхэн гарди М.Лхагвагэрэл "Гацдаг" гэх гарди цолын тэмдгээ цаашдаа ч зүүхгүй байж магадгүй

Улсын наадамд шинэ цол хүртсэн, чимэг нэмсэн бөхчүүд өмнө бэлдсэн үү гэлтэй шууд залаа тэмдгээ сольсон харагддаг. Тэгвэл энэ жилийн улсын наадмаар найм давж Улсын гарди цолны болзол хангасан М.Лхагвагэрэл одоог хүртэл гарди цолныхоо тэмдгийг зүүгээгүй байгаа нь олны анхаарлыг татлаа.

Өчигдөр Завхан аймагт энэ жилийн “Баруун бүсийн хурд-2026” болж хүчит бөхийн барилдаанд шинэхэн гарди Завхан аймгийн Яруу сумын харьяат М.Лхагвагэрэл түрүүлсэн. Түүний хувьд “Гацдаг” гэх гарди цолын тэмдгээ цээрлэж зүүхгүй байж магадгүй юм. 2006 оны наадмаар тухайн үеийн Улсын гарди Д.Сумъяабазар түрүүлж Улсын аварга болсон нь гарди цолтон цолоо ахиулсан цор ганц тохиолдол юм. Түүнээс хойш олон гарди цолтон төрсөн ч одоог хүртэл хэн нь ч цолоо ахиулж чадаагүй юм.

Мөн сүүлийн үеийн  Завхан аймгийн бөхчүүд гарди цол дээр гацдаг олон жишээ байдаг. Тодруулбал, Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан гэсэн бөхчүүд байна. Сүүлийн үед “Завханыхан гарди цолноос дээш цол авч чадахгүй” гэсэн яриа ч гараад байгаа билээ.

Сонирхуулахад, Улсын гарди М.Бадарч гарди цол хүртсэнийхээ дараа нэгэн ярилцлагадаа, “Гарди цол гацдаг л гэдэг юм байна лээ. Би цолоо ахиулж харуулна” гэж хэлээд 2023 оны наадамд түрүүлж, Улсын арслан болсон ч допингийн асуудлаас болж цолоо хураалгасан билээ.