Өнгөрсөн жил допингийн асуудлаас болж гарди цолоо хураалгасан Н.Өсөхбаярыг энэ жилийн наадмаар Арбитрын шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байж магадгүй хэмээн барилдуулаагүй билээ. Тэгвэл Н.Өсөхбаяр нь төрсөн нутагтаа буюу Сүхбаатар аймагт зохиогдсон “Зүүн бүсийн хурд-2026” наадамд аймгийн хурц арслан цолтойгоор зодоглосон билээ.
ВИДЕО:
2025 оны наадмын дараа допингийн бодис биеэс нь илрэн цолоо хураалгаж уг асуудлаар Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Дэргэдэх Допингийн давж заалдах комисст хандсан байдаг. Арбитрын хурал энэ оны тавдугаар сарын 11-нд болж Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага олон улсын жишгээс илт гажсан болохыг тодотгосон. Үүний дараа аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг
Арбитрын шүүхээс, "Допингийн эсрэг зөрчил гаргаагүй" гэж үзсэнээр барилдах эрхийг нь Баяр наадмын зохион байгуулах хорооноос сэргээсэн талаар Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээлж байсан.
Гэвч барилдах эрхийг нь сэргээсэн гэж мэдэгдсэн ч 2025 оны наадмаар түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимгийн нь нөхөн олгосон байдаг. Тус мэдэгдэл гарсны дараа бөх сонирхогчид Н.Өсөхбаярыг энэ жилийн наадмаар барилдах юм байна хэмээн бодож байтал Баяр наадмын зохион байгуулах хорооны бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба, "Н.Өсөхбаярыг барилдах боломжгүй" гэж мэдэгдсэн юм. Тэрбээр, "Үндэсний баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаад Н.Өсөхбаярын асуудлыг хэлэлцсэн. Арбитрын шүүхийн шийдвэр манай салбар хороон дээр ирсэн байгаа.Гэхдээ Арбитрын шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байж магадгүй албан тушаалтнуудыг холбогдох газарт шалгуулж байгаа. Үүнийг шалгаж дууссаны дараа Н.Өсөхбаярыг барилдуулах эсэхийг шийднэ. Энэ жилийн наадмаар Н.Өсөхбаярыг барилдуулахгүй" хэмээсэн юм.
Түүнчлэн МҮДЭБ-аас энэ жилийн наадмаар барилдах эрхгүй Улсын гарьд М.Бадарч тэргүүтэй 23 бөхийн нэрсийг танилцуулсан. Гэвч энэ жилийн наадмаар барилдуулахгүй хэмээсэн Н.Өсөхбаярын нэр энэ дунд байгаагүй юм.
Мөн МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, "МҮБХ бөхчүүдийн цолыг хурааж, эрхийг нь хасах талаар шийдвэр гаргадаггүй. Иймд Н.Өсөхбаярыг энэ жилийн наадмаар барилдуулах саналыг Шадар сайдад хүргүүлэхээр болсон” хэмээсэн байдаг ч Шадар сайд Н.Номтойбаяр “Допингийн зөрчилтэй холбоотойгоор эрхээ хасуулсан бөхчүүдийн барилдах эрх, цолыг сэргээх асуудлыг шийдвэрлэх хууль, эрх зүйн бүрэн эрх Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд олгогдоогүй” гэж мэдэгдсэн. Энэ мэт олон ойлгомжгүй шийдвэр, мэдэгдлүүдийн дараа Үндэсний баяр наадмаар барилдаагүй аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын эрх албан ёсоор сэргээгүй ч аймагтаа болсон наадамд зодоглолоо.