Ч.Түвдэнтарваа: Миний барилдааны  бичлэг 2025 оных ч гэлээ одоог хүртэл сошиалд цацагдаж, сайхан сэтгэгдлүүд ирж байгаад баяртай байдаг

Ч.Түвдэнтарваа: Миний барилдааны бичлэг 2025 оных ч гэлээ одоог хүртэл сошиалд цацагдаж, сайхан сэтгэгдлүүд ирж байгаад баяртай байдаг

Монголын Жюү жицүгийн холбооны 2025 оны “Айргийн баяр” бэсрэг наадмын үндэсний бөхийн үзүүр, түрүүний барилдаан цахим орчинд хэдэн зуун мянган хүний анхаарлыг татаж, бөх сонирхогчдын дунд хамгийн их яригдсан агшнуудын нэг болсон юм. Унаж байх явцдаа давсан гэж хэлж болохуйц уран барилдааныг үзүүлсэн залуу бөх бол  Булган аймгийн харьяат, Монголын Жюү жицүгийн шигшээ багийн тамирчин Чойжамцын Түвдэнтарваа. Бид түүнийг энэ удаагийн “Social ID”  буландаа онцоллоо.

ВИДЕО:

 

-НАМАЙГ ТАНИХГҮЙ ХҮМҮҮС ХҮРТЭЛ УРАН БАРИЛДААН ҮЗҮҮЛЛЭЭ ГЭЭ БАЯРЛААД СУУДЛААСАА БОСЧИХСОН БАЙСАН-

-Таны барилдааны бичлэг өнөөдөр хүртэл бөхийн хүрээнийхэн төдийгүй олон нийтийн дунд яригдсаар байна. Харин та тэр барилдааныг эргэн санах бүрдээ хамгийн түрүүнд юуг боддог вэ? Тэр агшинд яг юу болсон юм бэ?

-Тэр барилдаан бол Монголын Жюү жицүгийн холбооны 2025 оны “Айргийн баяр” бэсрэг наадмын үндэсний бөхийн үзүүр, түрүүний барилдаан байсан. Би барилдааны өмнөөс л нэг зүйл бодсон. Булган аймгийн улсын начин Д.Амарсайхан ахын хийдэг дунгуйлдах мэхийг яг энэ барилдаан дээр туршаад үзье гэж. Гэхдээ бодсон шиг болоогүй. Мэхээ дутуу хийчихсэн. Ингээд толгойгоо уургалуулчихсан. Тэр үед бол үнэндээ “болчихлоо, энэ барилдаан дууслаа” гэж бодсон. Гэхдээ азаа үзье гэж бодоод зүүн гараараа өрсөлдөгчийнхөө суганы хонхрын барьцыг тавиагүй байсан. Тэгээд “одоо намайг нэг бол татна, нэг бол түлхэнэ” гэж хүлээж байлаа. Яг миний бодсоноор өөдөөс хүчтэй түлхсэн. Тэр хүчийг нь эсэргүүцэх биш, дагаад эргэчихсэн. Тэгсэн чинь яг суганд нь орчихсон байсан. Дараа нь бичлэгээ үзэхэд яг өмсөх мэх шиг харагдсан. Үнэнийг хэлэхэд тэр үед би өөрийгөө давна гэж огт бодоогүй. Уначихлаа л гэж бодож байсан. Гэхдээ тэр үед давсандаа маш их баярладаг.

-Таныг давсан мөчид үзэгчид нэгэн зэрэг босож алга ташиж, орилж байсан. Тэр уур амьсгал тухайн үед ямар санагдсан бэ?

-Давсныхаа дараа хамгийн түрүүнд хүмүүсийг харсан л даа. Намайг танихгүй хүмүүс хүртэл баярлаад босчихсон байсан. Тэр мэдрэмжийг үгээр хэлэхэд үнэхээр аргагүй. Би өөрөө баярласан ч хүмүүсийн баярлаж байгааг хараад бүр илүү догдолсон. Тэр барилдаанд сумын заан, сумын начин цолтой олон бөх байсан. Барилдаан ойлгодог хүмүүс “ийм байдлаас эргэж давна гэдэг ховор” гэдгийг мэдэж байсан болохоор тэр байх. Одоо хүртэл тэр бичлэгийг үзэхээр тэр үеийн уур амьсгал яг л өчигдөр болсон юм шиг санагддаг даа.

-Тантай барилдсан бөх барилдааны дараа ихэд харамсаж байгаа нь бичлэг дээр харагддаг шүү дээ. Танд тухайн үед яаж ажиглагдаж байв?

-Надтай барилдсан ах маань өөрөө Жюү жицүгийн тамирчин, BB Academy-ийн бөх байсан. Дараа нь бичлэгийг үзэхэд их харамссан нь анзаарагдсан. Гараа цохиод, хувцсаа тайлахдаа хүртэл сэтгэл нь хөдөлчихсөн байсан. Үнэнийг хэлэхэд надад ч бас эвгүй санагдсан. Учир нь тэр барилдаанд би өөрөө бараг уначихсан  байсан шүү дээ.Гэхдээ спорт гэдэг үнэхээр нэг агшны шийдвэрээр эргэдэг юм байна гэдгийг л тэр барилдаан надад ойлгуулсан даа.

-Тэр бичлэг цахим орчинд маш хурдан тархсан шүү дээ. Таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан гэж бодож байна?

-Бүх бөхийн групп дээр орчихсон байсан л даа. Өнгөрсөн жил хаана л бөхийн групп байна, тэнд явсан гэж хэлж болно. Энэ жил хүртэл дахиад гараад ирсэн. Баянхонгорын бөхийн групп дээр хүртэл нийтлэгдсэн байсан. Тэгээд Баянхонгороос маш олон хүн найзын хүсэлт явуулсан.

-ЖИНГЭЭ БАГА ЗЭРЭГ НЭМЭЭД ИРЭХ ЖИЛЭЭС ҮНДЭСНИЙ БӨХДӨӨ ИЛҮҮ ТӨВЛӨРЧ, ТОГТМОЛ БАРИЛДАХ ЗОРИЛГОТОЙ БАЙГАА-

 -Таныг бөхийн удамтай гэдэг юм байна лээ. Гэр бүлийнхээ балаар бас бидэнд яриач.

-Манай өвөө, өвөөгийн дүү нар бүгд аймаг, сумын цолтой бөхчүүд байдаг. Ээж маань улсын аварга Ч.Санжаадамбын үеэл. Тийм болохоор би багаасаа бөхийн яриа сонсож, бөхийн дунд өссөн гэж хэлж болно. Манай гэр бүлд бөх гэдэг зүгээр нэг спорт биш, амьдралын нэг хэсэг байсан. Магадгүй тэр л намайг өнөөдрийн бөхөд туртай нэгэн болгосон байх.

-Жюү жицүгээр олон жил хичээллэсэн хүн үндэсний бөхөд барилдахад ямар давуу талтай байдаг вэ?

-Би багаасаа жижиг биетэй байсан болохоор хүчээр барилдах боломж бага байсан. Тиймээс хүний тэнцвэр алдагдуулах, хөдөлгөөнийг нь унших, хөл мэх, хутгах мэх зэрэг техникийг илүү сонирхдог болсон. Жюү жицүгээр олон жил хичээллэсэн болохоор барьц, тэнцвэр, мэдрэмж дээр давуу тал бий. Миний барилдааны хэв маяг ч энэ бүхний нийлбэр гэж боддог.

-Ямар бөхөөс ер нь хамгийн их үлгэр дуурайлал авдаг вэ?

Улсын дархан аварга Н.Батсуурийг би зөвхөн аварга гэдэг утгаар нь биш, хүн чанар, сахилга бат, төлөвшлөөр нь хүндэлдэг. Мөн Булган аймгийн улсын начин Д.Амарсайхан ахын барилдааны техник, ялангуяа дунгуйлдах мэхийг их үздэг. Ер нь нэг бөхөөс бүхнийг сурах биш, бөх бүрийн давуу талыг өөртөө шингээхийг хичээдэг гэж ойлгож болно.

-Цаашдын хамгийн ойрын зорилго тань юу вэ?

-Би үндэсний бөхөөр барилдах үнэхээр дуртай. Тийм болохоор хаана наадам, баяр байна, боломж гарвал барилдахыг хүсдэг. Одоо жингээ бага зэрэг нэмээд ирэх жилээс үндэсний бөхдөө илүү төвлөрч, тогтмол барилдах зорилготой байгаа. Жюү жицүгээ ч мөн үргэлжлүүлнэ гэсэн нууцхан мөрөөдөл бий.

-Үндэсний бөхөд дуртай болоход хамгийн их нөлөөлсөн хүн нь хэн бэ?

-Миний хамгийн анхны багш бол гэр бүлийнхэн ах нар минь. Албан ёсоор спортоор хичээллэж эхэлснээс хойш Булган аймгийн харьяа Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Эрдэнэ-Очир багш, олон улсын хэмжээний мастер, аймгийн заан А.Батхишиг багш нарынхаа удирдлагад бэлтгэл хийсэн. Өнөөдөр хүртэл намайг дэмжиж, итгэл өгч, урам хайрладаг бүх багш, ахмад тамирчид, найз нөхөддөө чин сэтгэлээсээ баярладаг. Хүн ганцаараа амжилтад хүрдэггүй. Миний ард үргэлж намайг түшиж, итгэж ирсэн хүмүүс олон бий. Тэр бүх хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй, илүү их хөдөлмөрлөж, илүү сайхан амжилт гаргахын төлөө хичээдэг дээ.

Ярилцсанд баярлалаа.




Дүрвэгсэд...

9 цагийн өмнө