ШУУРХАЙ: Аймгийн арслан Т.Дүүрэнсарангийн А болон Б сорьцын шинжилгээнээс допинг илэрчээ

ШУУРХАЙ: Аймгийн арслан Т.Дүүрэнсарангийн А болон Б сорьцын шинжилгээнээс допинг илэрчээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс нийт 64 сорьц авч, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездены Допингийн шинжилгээ, спортын биохимийн институтэд шинжлүүлсэн.

2026 оны долдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт ирсэн шинжилгээний эхний хариугаар 63 сорьцын шинжилгээ бүрэн дууссан бөгөөд эдгээрээс хориглосон бодис, метаболит болон маркер илрээгүй. Харин үлдсэн нэг бөхийн сорьцын хариу долдугаар сарын 17-нд ирэхэд А сорьцын шинжилгээгээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон билээ.

Тэгвэл тус допингийн зөрчил илэрсэн бөх нь Баянхонгор аймгийн “Тэргүүн Богд” дэвжээний бөх, аймгийн арслан Төмөрийн Дүүрэнсаран юм байна. Аймгийн арслан Т.Дүүрэнсаран "А" сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөгүй тул "Б" сорьцыг дахин шинжлүүлсэн байна. Улмаар "Б" сорьцын шинжилгээний хариу өчигдөр ирж, хориотой бодис хэрэглэсэн болохыг дахин баталжээ. Ингэснээр А болон Б сорьцын шинжилгээний хариу хоёулаа эерэг гарсан тул допингийн зөрчил гаргасан бөхийн нэрийг олон нийтэд зарлах эрх үүсэж байгаа юм.