Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр “Сэлбэ” дэд төв төслийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж, төслийг "Smart Selbe City" буюу ухаалаг хотын жишиг загвараар хөгжүүлэх чиглэл өглөө.
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт 158 га талбайд хэрэгжиж буй төслийн хүрээнд 113 блок, 8575 айлын орон сууц, таван сургууль, найман цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төв, соёл, спортын цогцолбор зэрэг нийгмийн дэд бүтцийг байгуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 36.7 хувийн гүйцэтгэлтэй, газар чөлөөлөлт 96 хувьтай байна.

Ерөнхий сайд төслийн хүрээнд,
-Мкв-ийн үнийг бууруулах. 5 сая төгрөгөөр зорилтот бүлэгт хүрэхгүй учраас нийслэл үнэ бууруулах шийдлээ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулах
-Борлуулалтын олон төрөлт схем, загвар боловсруулах. Ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглах
-"Smart City"-ийн технологи, инновацыг саадгүй турших сэндбокс орчныг бүрдүүлэх
-Эдийн засгийн тусгай бүс болгож, хувийн хэвшлээ дэмжих зэрэг асуудлуудыг багтаах үүрэг өгчээ.

Төслийн орон сууцны хэсгийг 2027 онд, олон нийтийн үйлчилгээний бүсийг 2029 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Албаныхны тооцоолсноор "Smart Selbe City" төсөл бүрэн хэрэгжсэнээр 45 мянган иргэн орон сууцанд хамрагдаж, 16 мянган ажлын байр шинээр бий болохоос гадна Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болох юм. Мөн 15,600 яндан, 12,000 нүхэн жорлонг халж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна.
