М.Чимэддорж: Засгийн газар томилолт өгвөл би жилийн 1 төгрөгний цалинтай ажиллаж, Сингапураас газрын тос олоод ирье

М.Чимэддорж: Засгийн газар томилолт өгвөл би жилийн 1 төгрөгний цалинтай ажиллаж, Сингапураас газрын тос олоод ирье

Эдийн засагч М.Чимэддорж Сингапур улсыг Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэх хамгийн оновчтой түнш гэж үзэж байгаагаа өөрийн X хуудсаар илэрхийллээ.

Тэрбээр, Сингапур нь Ази, Номхон далайн бүсийн зах зээлд өдөрт 1.5 сая баррель сайн чанарын боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг томоохон тоглогч бөгөөд газрын тос боловсруулах байгууламжууд нь дэлхийн томоохон компаниудад зориулсан үр ашигтай, найдвартай, бага зардлын платформ болж ажилладаг. Мөн Сингапур нь дэлхийн худалдааны хамгийн том зангилаануудын нэг бөгөөд банкны систем нь худалдааны санхүүжилт, бараа эргэлт, тээвэр, ложистикийг хамгийн бага зардлаар, өндөр үр ашигтай зохион байгуулдаг тогтолцоотой. Үүний үр дүнд газрын тосны үйлдвэрлэл, худалдаа, санхүүжилт, тээвэр, ложистикийг нэгтгэсэн томоохон экосистемийг бүрдүүлсэн бөгөөд үүнийг ОХУ-аас бусад олон улс ашиглаж байна гэжээ.

Түүнчлэн Сингапур, БНХАУ 2007 оноос Тяньжин хотод хамтран "Sino-Singapore Tianjin" ухаалаг эко хот, боомтын төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь Монголтой хамгийн ойр далайн боомтуудад Сингапурын оролцоо, хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрснийг харуулж байна хэмээсэн бөгөөд  манай улс Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаасаа өмнө Сингапуртай ижил төрлийн хэлэлцээр байгуулах нь илүү оновчтой байсан гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Түүнчлэн "Засгийн газар томилолт өгчихвөл би газрын тос олоод ирье. Жилийн нэг төгрөгийн бэлгэдлийн цалингаар ажиллаад өгье" гэжээ.