СУРВАЛЖИЛГА: "Бензин тасрах вий" гэх болгоомжлол жолоочдыг тал банк бензинтэй ч дугаарлахад хүргэж, үр дүнд нь нөөцөө шавхаж байна

СУРВАЛЖИЛГА: "Бензин тасрах вий" гэх болгоомжлол жолоочдыг тал банк бензинтэй ч дугаарлахад хүргэж, үр дүнд нь нөөцөө шавхаж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам өчигдөр шатахууны нийлүүлэлт, нөөцийн талаар мэдээлэл хийж, АИ-92 бензиний үлдэгдэл 15 хоногийн буюу 31 мянган тонн, дизель түлшний үлдэгдэл 20 хоногийн буюу 80 мянган тонн байгааг мэдэгдсэн. Мөн ОХУ-аас авах захиалгын хэмжээг нэмэгдүүлж, БНСУ болон БНХАУ-аас шатахуун, онгоцны түлш нийлүүлэх хэлцлүүдийг хийсэн бөгөөд эхний ачилтууд өнөөдрөөс эхлэн орж ирэхээр байгааг мэдээлсэн.

ВИДЕО: 

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн хэлснээр, шатахууны компаниудын нөөцийг өнөөдрөөс эхлэн нэмэгдүүлэх ажил эхлэх тул зах зээл дээр үүсээд буй хомсдол аажмаар буурах хүлээлттэй байна. Тэгвэл бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар бид өнөөдөр Нарны зам дагуух "Газ Ойл" шатахуун түгээх станцад ажиллахад жолооч нарын дараалал үргэлжилж байлаа. Зарим иргэн 1-2 цаг орчим дугаарлан шатахуун авч байгаа бөгөөд ачаалал хэвийн үеэс өндөр хэвээр байна. Жолооч нартай ярилцахад шатахуун дуусахаас болгоомжилж, савандаа үлдэгдэлтэй байсан ч дүүргэхээр ирсэн хүмүүс цөөнгүй байв. Өөрөөр хэлбэл, хэрэгцээнээс давсан худалдан авалт тодорхой хэмжээнд нэмэгдсэн нь ШТС-уудын ачааллыг өсгөж буй дүр зураг ажиглагдсан юм. 

Холбогдох байгууллагууд шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч эхлээд байгаа юм. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд ч стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний талаар мэдээлэхдээ бодит нөхцөл байдлыг үнэн зөв хүргэхийн зэрэгцээ иргэдийн дунд үндэслэлгүй сандрал үүсгэхгүй байх нь чухал юм. Учир нь мэдээллийн нөлөөгөөр иргэд хэрэгцээнээсээ давуулан шатахуун нөөцлөх тохиолдол нэмэгдвэл богино хугацаанд эрэлт огцом өсөж, түгээлтийн ачаалал улам нэмэгдэх эрсдэлтэй байдаг билээ.