Б.Намуун, Б.Нэмүүн: Бид "Гайхамшигт жижигхэн хүмүүс" нэвтрүүлэгт ярьж байсан одой мориороо тоглож, хүүхэлдэйн киног нь үзэх дуртай хэвээрээ л байгаа

Б.Намуун, Б.Нэмүүн: Бид "Гайхамшигт жижигхэн хүмүүс" нэвтрүүлэгт ярьж байсан одой мориороо тоглож, хүүхэлдэйн киног нь үзэх дуртай хэвээрээ л байгаа

“Гайхамшигт жижигхэн хүмүүс” нэвтрүүлэгт орох үедээ эгдүүтэй яриа, өхөөрдөм төрхөөрөө үзэгчдийн хайрыг татаад амжсан ихэр охид Б.Намуун Б.Нэмүүн хоёрыг хүн бүхэн мэднэ гэхэд хилсдэхгүй биз ээ. Тэд тухайн үед тавхан настай балчир байсан бол одоо аль хэдийн дөрөвдүгээр ангийн том охид болсон байна. Тэр ч бүү хэл хамтдаа контент хийж эхэлжээ. Тэгвэл Isee.mn сайт энэ удаагийн “Social ID” буландаа өхөөрдөм хөөрхөн Намуун Нэмүүн хоёрыг онцоллоо.

ВИДЕО:

-“ГАЙХАМШИГТ ЖИЖИГХЭН ХҮМҮҮС” НЭВТРҮҮЛЭГТ ОРСНООР ӨӨРСДИЙН ХҮҮХЭД НАСНЫ НАНДИН ДУРСАМЖ БҮТЭЭЖ ЧАДСАН ГЭЖ БОДДОГ-

-Сайн байцгаана уу? та хоёртоо өдрийн мэнд хүргэе.

Сайн байцгаана уу? биднийг  Б.Намуун Б.Нэмүүн гэдэг. Бид хоёр одоо есөн настай, ирэх намар дөрөвдүгээр ангид орно.

-Та хоёрыг “Гайхамшигт жижигхэн хүмүүс” нэвтрүүлэгт орсон гэдгээр нь маш олон хүн таньдаг шүү дээ. Нэвтрүүлэгт орсон үеийн сэтгэгдлээсээ манай уншигчдад хуваалцаач.

-“Гайхамшигт жижигхэн хүмүүс” нэвтрүүлэгт орох үед бид хоёр таван настай байсан. Тухайн үед бид сайн хэлд орж амжаагүй, муу ярьдаг байсан болохоор нэвтрүүлгийн хөтлөгч Э.Алдар ахтай сайн ойлголцож чадахгүй байсан юм. Харин тэр байдал нь олон хүмүүсийн хайрыг татаж, сайхан сэтгэгдлүүд авсан. Одоог хүртэл биднийг “Гайхамшигт жижигхэн хүмүүс” нэвтрүүлэгт оролцсон өхөөрдөм ихэр охид гэдгээр маань хүмүүс сайн таньдаг.

-Зарим хүмүүс та хоёрын ярьсан зүйлийг ойлгохгүй байсан шүү дээ. Та хоёр хоорондоо яаж ойлголцдог байсан юм бэ?

-Жоохон байх үедээ бид хоёр адилхан ярьдаг байсан болохоор бие биеийхээ юу гэж хэлж байгааг маш сайн ойлгодог байсан. Харин томчуудын ярьж байгаа нь бид хоёроос арай өөр болохоор юу гээд байгаа юм бол гэж эргэлзэх үе олон байсан. Гэхдээ одоо жоохон муу ярьж байгаа дүү нар маань байдаг бол “бусад хүмүүсийн ярьж байгааг ойлгох гэж хичээгээрэй. Тэгвэл том болоод бид хоёр шиг ойлгомжтой, сайн ярьж чаддаг болон шүү” гэж хэлмээр санагддаг.

-Одоо том болсон хойноо тухайн нэвтрүүлгээ үзэхээр ямар санагдаж байна?

-Одоо эргээд нэвтрүүлгээ үзэхээр ичээд байдаг юм. Мөн тухайн үед ярьж байсан зүйлсээ өөрсдөө ойлгохгүй үе олон бий. Гэхдээ тэр нэвтрүүлэгт орсноор өөрсдийн хүүхэд насны бас нэг нандин дурсамж бүтээж чадсан гэж боддог болохоор орсондоо маш их баяртай байдаг.

-Одоо та хоёр юугаар хамгийн их тоглож байна?

-Гайхамшигт жижигхэн хүмүүс нэвтрүүлэг орохдоо ярьж байсан одоо мориороо бид одоог хүртэл тоглож, хүүхэлдэйн киног нь үзэх маш их дуртай. Гэрийнхэн маань зарим тоглоомоо өөр дүү нартаа өг гэх үед одой морио л үлдээж авдаг. Тэр тоглоомдоо маш их хайртай. Сагсан дотор байгаа тоглоомуудаа харахаар ихэнх нь одоо морь байдаг юм доо.

-АМЬДРАЛЫНХАА НАНДИН ЦАГ МӨЧ БҮХНЭЭ ЦУГТАА ӨНГӨРҮҮЛЭХ ХҮНТЭЙ БАЙГАА НЬ ИХЭР БАЙХЫН ХАМГИЙН ТОМ ДАВУУ ТАЛ-

-Сүүлийн үед сошиал дээр хамтдаа бичлэг хийдэг болсон шүү дээ. Хүмүүс ер нь хэр их таньж байна вэ?

-Өнгөрсөн нэг сараас эхлэн бид хоёр хамтдаа сошиал дээр бичлэг хийж эхэлсэн л дээ. Хүмүүс бичлэг хийж эхлэх үед “хөөрхөн ихэр охид Намуун Нэмүүн мөн үү? Ямар том болоо вэ, нөгөө морой гэж ярьдаг хүүхдүүд байна шүү дээ, хөөрхөн хүүхдүүд шүү, маш сайн ярьдаг болсон байна.” гээд л маш сайн таньж, өхөөрдөж байсан нь сайхан санагдсан.

-Ихрүүд амьдралынхаа хамгийн сайн найзтайгаа хамт төрсөн байдаг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Та хоёрын хувьд хамгийн том давуу тал нь юу вэ?

-Ихэр байхын хамгийн том давуу тал нь хэзээ ч уйддаггүй. Дандаа хамдаа тоглож, зураг зурж, бүжиглэж бие биедээ хань болдог. Амьдралынхаа нандин цаг мөч бүхнээ цугтаа өнгөрүүлэх хүнтэй байгаа нь хамгийн сайхан санагддаг.

-Хоорондоо сайндаж, муудах үе бишгүй л байдаг байх. Хэн нь хамгийн их буулт хийж байна?

-Заримдаа муудах үе гардаг л даа. Гэхдээ уучлалт гуйгаад л эвлэрчихдэг. Намуунаа гомдомхой, уурлахаараа дуугаа хураачихдаг болохоор би л хамгийн их уучлалт гуйж, аргаддаг гэж ойлгож болно.

 

-Зуны амралт эхэлсэн гоё байна уу? Ангийн найзуудаа хэр санаж байна?

-Зуны амралт эхэлчихсэн болохоор ангийн найзуудаа бага зэрэг санаж байна. Гэхдээ өдөр болгон гэрийн даалгавар хийхгүй байгаа нь гоё санагдаж байгаа.

-Та хоёрыг үргэлж дэмжиж, өхөөрддөг хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Бид хоёрыг үргэлж дэмжиж, өхөөрддөг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Биднийг маш их хүндэтгэж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Тиймээс та бүхний итгэлийг алдахгүй бүр л сайн хүүхдүүд байх болно.

Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр хонь өдөр

7 цагийн өмнө