Сүхбаатар боомтоор ОХУ-аас Монгол Улсад импортолсон АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна.
2026 оны долоодугаар сарын 31-ний өдөр 41 вагон буюу 2,460 тонн, наймдугаар сарын 1-ний өдөр 22 вагон буюу 1,364 тонн, нийт 63 вагон буюу 3,824 тонн АИ-92 автобензин Сүхбаатар боомтоор орж ирсэн бөгөөд энэ нь улсын хоёр өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм. Импортолсон шатахууныг Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг буух өртөөнүүдэд тээвэрлэн хүргэж, агуулахад буулгах, улмаар Улаанбаатар хот болон орон нутгийн шатахуун түгээх станцуудад тасралтгүй ачилт хийх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 2-ны өдөр 34 вагон буюу 2,100 тонн АИ-92 автобензинийг Улаанбаатар хотын Толгойт, Аршаант өртөөн дэх агуулахуудад буулгах ажлыг "Улаанбаатар төмөр зам" ХНН, Гаалийн байгууллага, импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран шуурхай зохион байгуулан ажиллаж байна. ОХУ-аас төмөр замын Сүхбаатар боомтоор импортолсон шатахуунтай вагонуудыг буух өртөөнүүдэд саадгүй хүргэх, агуулахад буулгах, шатахуун түгээх станцуудад хүргэн ачих үйл ажиллагааг "Улаанбаатар төмөр зам" ХНН, Гаалийн байгууллага, холбогдох төрийн байгууллагууд болон импортлогч аж ахуйн нэгжүүд 24 цагаар тасралтгүй зохион байгуулж, нийлүүлэлтийн хэвийн байдлыг хангах чиглэлээр бүх боломжит арга хэмжээг авч ажиллаж байна.