А.Балдандорж: Хүүхдүүдийг баярлуулахын тулд зуны амралтаар хотхонуудаар явж, алиалагчийн үзүүлбэр үзүүлдэг болсон

А.Балдандорж: Хүүхдүүдийг баярлуулахын тулд зуны амралтаар хотхонуудаар явж, алиалагчийн үзүүлбэр үзүүлдэг болсон

Хүүхдүүдийн инээд нэг л өөр. Чин сэтгэлээсээ баярласан үедээ тэд юуг ч нууж чаддаггүй. Инээхдээ чангаар инээж, баярлахдаа сэтгэлийн гүнээсээ баярлана. Тийм л гайхамшигтай бяцхан хүмүүсийн дунд А.Балдандорж алиалагчийн хувцсаа өмсөөд, хөгжмөө асаан, шааран тоглоомоо хийж зогсов. Бид энэ удаагийн “Social ID” буландаа олон олон хүүхдүүдийг хариу нэхэлгүй баярлуулж яваа алиалагч “Заа Юу”-г онцолж байна.

ВИДЕО:

ЭСЭГ ХҮҮХДҮҮД ШААРАН ТОГЛООМ АВАХ ГЭЖ ДУГААРЛАН ЗОГСОНО. НӨГӨӨ ХЭСЭГ НЬ ХӨГЖИМ ЭГШИГЛЭХЭД ДУРААРАА БҮЖНЭ-

Түүний өмнө урт дараалал үүсжээ. Хүүхдүүд нэг нэгээрээ ээлжээ хүлээнэ. Хэн нэг нь нохой, туулай хийлгэнэ. Өөр нэг нь сэлэм, цэцэг хүснэ. Зарим нь шааран тоглоомоо аваад баярлан гүйнэ. Харин авч чадаагүй нь “надад бас хийгээд өгөөч” гэсэн харцаар түүнийг ширтэнэ. А.Балдандорж хүүхэд бүрийг тайвшруулж, инээлгэж, дараагийнхаа тоглоомыг хийсээр.

“Түр хүлээгээрэй заа юу, одоо чиний ээлж заа юу”. Тэрбээр өөрийгөө “Алиалагч Заа Юу” хэмээн нэрлэжээ.

Бид түүнтэй Хангай хотхонд хүүхдүүдийг баярлуулж байх үед нь уулзсан юм. Очиход тэр ганцаараа том хар хөгжим, микрофон, алиалагчийн хувцас хэрэглэл, шааран тоглоомоо бүгдийг нь авчирчихсан байв. Хэсэг хүүхдүүд шааран тоглоом авах гэж дугаарлан зогсоно. Нөгөө хэсэг нь хөгжим эгшиглэхэд дураараа бүжнэ. Алиалагч Заа Юу  хүүхдүүдтэй хамт бүжиглэж, хааяа жонглёр хийж үзүүлж байв. Харин түүнийг харсан хүүхдүүдийн нүүрэнд инээмсэглэл дүүрэн байсан юм. Энэ инээмсэглэл л түүний арав гаруй жилийн хөдөлмөрийн гол утга учир бололтой.

-ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХАРААД ИНЭЭЖ, БАЯРЛАЖ БАЙГААГ ХАРАХ НАДАД МАШ ИХ ТААЛАГДДАГ-

Тэр алиалагч болохоосоо өмнө бүжигчин байжээ. Тайзны хөдөлгөөн, хөгжим, үзүүлбэрийн мэдрэмжийг өмнөх мэргэжлээсээ авч үлдсэн нь өнөөдрийн алиалагчийн ажилд нь ч мэдэгдэнэ. Хүүхдүүдтэй зүгээр нэг ярилцаад зогсохгүй хөгжмийн аянд хамт бүжиглэж, хөдөлгөөнөөрөө инээлгэж, жонглёр хийж, тэднийг үзүүлбэрийнхээ нэг хэсэг болгож байлаа. Тиймээс түүний хувьд алиалагчийн ажил гэдэг зүгээр л өнгө өнгийн хувцас өмсөөд хүүхдүүд инээлгэхээс арай өөр. Энэ бол өмнөх мэргэжил, олон жилийн туршлага, хүүхдүүдтэй харилцах өөрийн гэсэн арга барил нийлсэн ажил ажээ. Тэрбээр алиалагчийн ажил хийгээд арав гаруй жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсаа бүтэн тойрч, хүүхдүүдэд зориулсан тоглолтоо хийсэн бол энэ зунаас эхлэн Улаанбаатарын нэлээд олон хотхонд очиж хүүхдүүдийг баярлуулсан төдийгүй Төв аймаг хүртэл явж үзүүлбэрээ толилуулсан байна. Тэрбээр оройн цагаар хүүхдүүдтэй хамт цагийг өнгөрөөхийг хүсдэг учраас зав гармагц хаана ч байсан хөгжмөө авч явдаг аж. Том хар хөгжмөө микрофонтой нь дэргэдээ тавиад, бүх хувцас хэрэглэлээ бүрэн өмсөөд, шааран тоглоомоо цүнхнээсээ нэг нэгээр нь гаргаж ирнэ. Түүний өмнө харин хүүхдүүд урт цуваа үүсгэн ээлжээ хүлээнэ.

“Заримдаа энэ бүх зүйлийг ганцаараа авч яваад, шааран тоглоом нь хүүхдүүдэд хүрэхгүй үлдэхээр жаахан хэцүү байдаг. Гэхдээ хүүхдүүд баярлаад инээхийг харахаар тэр бүх зүйл мартагддаг. Өөрөө их аз жаргалтай болдог” гэж тэр хэлсэн юм. Түүний хэлсэн энэ үгийг Хангай хотхоны тэр өдрийн дүр зураг баталж байлаа.

-ХҮҮХДИЙН НЭГ НАС ГЭДЭГ БОЛ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ, НАНДИН МӨЧ НЬ-

Алиалагчийн ажлаас гадна зав чөлөөгөөрөө тэрбээр хүүхдүүдийн төрсөн өдрийн баярыг хөтөлдөг байна. Ялангуяа нэг настай хүүхдийн төрсөн өдөр түүнд их нандин санагддаг гэнэ. “Нэг нас гэдэг хүүхдийн өөрийнх нь санах ойд үлдэхгүй байж болох ч эцэг эхийнх нь хувьд мартагдашгүй өдөр. Тиймээс тэр баярыг аль болох аз жаргалтай, дурсамжтай өнгөрүүлэхийг хүсдэг юм. Миний хувьд төрсөн өдөр хөтөлнө гэдэг зүгээр нэг арга хэмжээ хөтлөхтэй адилгүй. Хүүхдийн амьдралын жижигхэн боловч нандин дурсамжийг бүтээлцэж байгаа хэрэг. Тиймээс тэр баярт ирэхдээ хувцсаа, үзүүлбэрээ бэлдээд зогсохгүй хүүхдийн нас, сонирхол, тухайн өдрийн уур амьсгалыг анзаарч ажиллахыг хичээдэг” хэмээсэн юм.

-2017 ОНООС ХОЙШ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ ГЭСЭН САЙХАН МӨРӨӨДЛИЙГ ЗҮРХЭНДЭЭ ТЭЭЖ ЯВАА-

Түүний хүүхдүүдийн дунд өнгөрүүлсэн арав гаруй жилийн хөрөгт олон аймаг, олон сум, олон тайз, олон төрсөн өдөр хамт зурагджээ. Харин түүний энэ их хөдөлмөрийн хамгийн том шагнал нь тэдгээр хүүхдүүдийн баяр баясал, инээд хөөр юм.

“Миний хувьд 2017 оноос хойш хүүхдийн цэцэрлэг байгуулах гэсэн сайхан мөрөөдлийг зүрхэндээ тээж яваа. Бараг есөн жил өнгөрсөн ч би мөрөөдлөө орхиогүй ээ".

Өдөр бүр хүүхдүүдийн инээдээр хүрээлүүлж, тэдний баяр хөөрийг харж яваа болохоор нэг л өдөр энэ мөрөөдөл маань заавал биелнэ гэдэгт итгэдэг.

Хангай хотхоны тоглоомын талбайд тэр өдөр хүүхдийн инээд тасарсангүй. Шааран тоглоомоо тэвэрсэн бяцхан хүү баярлан гүйж, зарим нь хөгжим даган бүжиглэж, хэсэг нь алиалагч “Заа Юу”-г тойрон зогсоно. Магадгүй түүний хамгийн том хүсэл ердөө л энэ байх.