Билл Гейтс Баян-Өлгий аймагт ирж, “Гурван тэмээ” баазад хоёр хоног байрлан байгаль үзэж, бүргэдийн ан, нутгийн ахуйтай танилцаад буцжээ

Билл Гейтс Баян-Өлгий аймагт ирж, “Гурван тэмээ” баазад хоёр хоног байрлан байгаль үзэж, бүргэдийн ан, нутгийн ахуйтай танилцаад буцжээ

Дэлхийн технологийн салбарын тэрбумтан Билл Гейтс Баян-Өлгий аймагт ирсэн гэх мэдээлэл, бичлэг цахим орчинд нийтлэгдэж, олон нийтийн анхаарлыг татаад байна. Тэгвэл манай редакци уг асуудлыг олон талын эх сурвалжуудаас тодруулж үзэхэд, "Билл Гейтс монголын баруун хязгаарт энэ сарын 9 /2026.08.09/-ний өглөө ирээд, үүнээс хоёр хоногийн дараа буюу өчигдөр /2026.08.11/ чимээгүйхэн буцсан байна. 

ВИДЕО:

Билл Гейтс хувийн "Gulfstream G650" төрлийн онгоцоороо Баян-Өлгийд ирж, тус аймгийн Алтанцөгц сумын нутаг дахь Цамбагарав уулын орчимд байрлах “Гурван тэмээ” аяллын баазад хоёр хоног саатсан байна. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээллээр, "Билл Гейтс энэ хугацаанд уулын байгаль үзэж, бүргэдийн ан болон нутгийн ахуйтай танилцжээ. Ингээд өчигдөр өглөө тэрбээр Баян-Өлгийгөөс буцсан байна. 

Тэгвэл Билл Гейтсийн гэр бүл Монголын баруун хязгаарт анх ирж байгаа хүмүүс биш ажээ. Тодруулбал, түүний ээж Мими Гарднер Гейтс Монголд өмнө нь ирж байсан байна. Тэрээр аяллын ер бусын шалтгаанаар биш, зөвхөн загасчлахаар Монголыг зорьж байжээ. Тодруулбал, тэрбээр 1996 онд Сиэтлийн Урлагийн Музейг удирдаж байсан Мими Гейтс хэсэг эмэгтэйчүүдийн хамт Монголд аялалд гарсан байна. Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн Х хуудастаа мэдээлсэн байна. 

 

Тэгвэл Баян-Өлгий аймгийг зорьсон алдартнуудын нэрийг эргээд саная. 2023 онд “Batman” дүрээрээ дэлхийд танигдсан Оскарын шагналт жүжигчин Кристиан Бэйл гэр бүлийн хамт Монголд ирж, баруун нутгаар аялсан. Тэд бүргэдчидтэй уулзаж, морь унан, нүүдэлчин ахуйтай танилцжээ. Түүний аяллыг зохион байгуулсан "Discover Altai" компани энэ талаар мэдээлсэн байдаг.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү болох Дональд Трамп Жуниор Монголд 2019 онд ирсэн. Энэ үеэрээ мөн л Баян-Өлгийг зорьсон. Тэрбээр Алтай Таван Богдод очиж, малчин айлд байрлан морь унаж, баруун нутгаар аялсан тухай түүний мэдээлэл Монголын болон гадаадын хэвлэлүүдэд гарч байв. Улмаар тус аялалаас хойш олон удаа Баян-Өлгий аймагт ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд тогтмол ирэх болсон талаар нутгийн иргэд хэлж байна.

Баян-Өлгийд ирсэн зочдын дунд Европын язгууртны гэр бүлийн нэр ч бий. Өнгөрсөн оны аравдугаар сард Баварын ханхүү Карл гэргий, гүнж Зугейн хамт Монголд ирсэн. Тэдний айлчлалын гол зорилго нь Баварын хааны гэр бүлийн 800 гаруй жилийн түүхт бизнесийг Монголд өргөжүүлэх, Kaltenberg шар айрагны брэндийн хамтын ажиллагааг хөгжүүлэх байв. Харин албан ёсны хөтөлбөрөөс гадуур ханхүү, гүнж хоёр Баян-Өлгийг зорьсон гэх мэдээлэл тухайн үед орон нутагт тархсан юм.

Баян-Өлгий аймгийн уулс, бүргэдчид, морьд, нүүдэлчин амьдрал, казахын соёл, Монгол Алтайн уудам орон зай л дэлхийн алдартнуудыг татаж байна. Баян-Өлгий бол Монголын аялал жуулчлалын газрын зураг дээр хамгийн алслагдсан цэгүүдийн нэг. Гэхдээ дэлхийн танил хүмүүсийн аяллын түүхийг сөхөх тусам энэ нутгийн нэр улам олонтаа гарч ирж байна. Сонирхуулахад, 2025 онд гэхэд 20 мянга гаруй гадаадын аялагч тус аймагт очсон тоо баримт бий.