Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгүүдийн онцлогийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Фестивалийн үеэр Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг таниулахын зэрэгцээ байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах, байгальтай харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, жижиг, дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
Мөн фестивалийн хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 22-нд мянган тогооч нэгэн зэрэг хорхог хийж, хамгийн олон хүн нэгэн зэрэг хорхог бэлтгэсэн амжилтаар Гиннесийн дэлхийн рекордод бүртгүүлэхээр төлөвлөжээ. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн дэлхийн рекорд тогтоохоос гадна Монголын уламжлалт хоол, хүнсний соёлыг олон улсад сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтойг онцоллоо.