Архангай аймгийн Тариат сумын уугуул, “Hera Holding” группийн бөх Ө.Батсуурь энэ жилийн улсын баяр наадамд зургаа давж, улсын харцага цолны болзол хангасан билээ.
Түүний цолны мялаалга наадмын үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хоёр өрөө орон сууц болон 30 сая төгрөгөөр шагнаж урамшуулахаа амласан. Тэгвэл амласан ёсоороо шинэ орон сууцыг нь хүлээлгэн өгч, Ө.Батсуурь өнөөдөр шинэ гэртээ оржээ. Мөн түүний амжилтын ард үнэтэй хувь нэмэр оруулсан багш, дэмжигчдийг урамшуулсан байна. Тухайлбал, Ө.Батсуурийн анхны багш, Монгол Улсын гавьяат багш, аймгийн заан Д.Нарангэрэл, үндэсний бөхийн багш, Монгол Улсын гарди Д.Рагчаа, Монгол Улсын начин, Тариат сумын Нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Адъяабат нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнажээ. Түүнчлэн “Бөхбилэгт” дэвжээний багш, улсын начин Ч.Ганзоригт 10 сая төгрөгийн урамшуулал олгож, цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөсөн байна.