ВИДЕО: АНУ-ын Төв тагнуулын газрын дарга Ж.Рэтклифф урьдчилан мэдэгдэлгүйгээр Москвад айлчилж байна

ВИДЕО: АНУ-ын Төв тагнуулын газрын дарга Ж.Рэтклифф урьдчилан мэдэгдэлгүйгээр Москвад айлчилж байна

АНУ-ын Төв тагнуулын газрын дарга Жон Рэтклифф урьдчилан зарлалгүйгээр Москвад айлчилж, Оросын талтай хэлэлцээ хийхээр очсон тухай АНУ-ын хэвлэлүүд мэдээлжээ.

CBS-ийн мэдээлснээр, Ж.Рэтклифф мягмар гараг /2026.08.25/-ийн өглөө Оросын нийслэлд хүрэлцэн ирсэн байна. Гэхдээ Вашингтон болон Москвагийн аль аль нь түүний айлчлалын зорилго, уулзсан хүмүүсийн талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа ажээ. АНУ болон Оросын өндөр албан тушаалтнуудын биечлэн уулзалт сүүлийн жилүүдэд ховор болсон юм.

Нислэгийн хяналтын мэдээллээр АНУ-ын цэргийн C-17 тээврийн онгоц мягмар гарагт Латвиар дамжин Москва руу нисжээ. Уг онгоц Рига хотоос GMT-ийн 05:50 цагийн орчим хөөрч, 07:04 цагийн үед Москвагийн Внуково олон улсын нисэх буудалд газардсан байна. Олон нийтийн сүлжээнд цацагдсан дүрс бичлэгт C-17 онгоц Москвагийн Внуково нисэх буудалд газардаж буй, мөн хотын гудамжаар дипломат цуваа явж буй гэх бичлэгүүд нийтлэгдсэн байна.

ВИДЕО: 

Айлчлалын өмнө АНУ Украинд өндөр түвшний төлөөлөгчид Москва руу зорих гэж буйгаа мэдэгдэж, төлөөлөгчид Оросоос буцаж иртэл Киевийг цохилтоо түр зогсоохыг хүссэн талаар Украины өндөр албан тушаалтан CBS агентлагт мэдээлжээ. Энэ нь Ж.Рэтклифф АНУ-ын Төв тагнуулын газрын даргын хувиар Орост хийж буй анхны айлчлал байж магадгүй юм. Шинжээчид уг уулзалтыг Орос-Украины дайны нөхцөл байдал, хоёр талын хурцадмал байдлыг бууруулах асуудалтай холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байна.

2019-2022 онд Москвад Их Британийн цэргийн атташегаар ажиллаж байсан Жон Форман BBC агентлагт өгсөн ярилцлагадаа ийм өндөр түвшний албан тушаалтан урьдчилан мэдэгдэлгүйгээр Москвад айлчилж байгаа нь онцгой үйл явдал гэжээ. Түүний үзэж буйгаар айлчлал нь Орост саатуулагдаж буй АНУ-ын иргэдийг суллах, хоригдол солилцох асуудалтай холбоотой байх боломжтой аж.

Учир нь Ж.Рэтклифф өмнө нь Украинд дэмжлэг үзүүлсэн гэх хэргээр Орост хоригдож байсан Орос-Америкийн иргэн Ксения Карелинаг суллах хэлэлцээрт оролцож байжээ.

Мөн АНУ-ын Төв тагнуулын газар 2024 онд хийгдсэн томоохон хоригдол солилцоход оролцож, уг хэлэлцээрийн хүрээнд The Wall Street Journal-ийн сэтгүүлч Эван Гершкович, АНУ-ын тэнгисийн цэргийн алба хаагч асан Пол Уилан, Орос-Америкийн сэтгүүлч Алсу Курмашева нарыг сулласан юм. Ж.Рэтклиффийн Москвад хийсэн энэ удаагийн нууцлаг айлчлалын зорилго одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Вашингтон, Москвагийн зүгээс албан ёсны тайлбар өгөөгүй байна. Гэсэн ч АНУ-Оросын харилцаа, Украин дахь дайны нөхцөл байдал болон хоригдол солилцооны асуудалтай холбоотой өндөр түвшний хэлэлцээ болсон байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: BBC