Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа.
Мөнгөн урамшууллыг тухайн оны 11 дүгээр сарын 01-нээс дараа оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн түүхий сүүний хэмжээгээр тооцож, 1 литрийг нь 1,000 төгрөгөөр тооцон олгох юм. Малчид урамшууллаа авах хүсэлтээ тухайн сарын сүүлийн өдрөөр тасалж, дараа сарынхаа 01-нээс 10-ны хооронд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын урамшууллын цахим систем буюу tus.mofa.gov.mn-д илгээх шаардлагатай бөгөөд хүсэлт ирүүлээгүй тохиолдолд урамшуулал бодогдохгүй байхыг санууллаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2020 онд 1300 фермер, ААН-ээс 5 сая литр сүү нийлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 2400 фермерээс 19.6 сая литр сүү нийлүүлдэг болсон төдийгүй гурван аймаг нь 13 болж нэмэгджээ. ЕБС-иудад хэрэгжиж буй “Сүү” хөтөлбөрийг Засгийн газар ирэх онд үргэлжлүүлэх бөгөөд төсвийг нь сүүний урамшуулалтай адилхан ирэх оны төсөвт бүрэн тусгана.