Багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад олгох тэтгэлгийн журмыг шинэчилж, босго оноог нэмсэн байна. Шинэчилсэн журмаар багшийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд элсэлтийн шалгалтын оноо болон суралцсан голч дүнгээс хамаарч сургалтын төлбөрийн 70–100 хувийн тэтгэлэг авах боломжтой юм.
Тодруулбал, шинээр элсэгчийн элсэлтийн шалгалтын оноо 650 болон түүнээс дээш бол сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгох бол 620–649 оноо авсан тохиолдолд 70 хувийн тэтгэлэг олгохоор болжээ. Харин үргэлжлүүлэн суралцагчийн хувьд өмнөх улирлын голч дүн 3.3 болон түүнээс дээш бол 100 хувь, 3.0–3.3 хооронд бол 70 хувийн тэтгэлэг авах нөхцөлтэй байна.
Өмнөх журмаар голч дүн 2.7 болон түүнээс дээш, эсвэл элсэлтийн шалгалтын 480-аас дээш оноотой оюутан тэтгэлэгт хамрагдах боломжтой байсан юм. Энэ жил багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын тэтгэлэгт 6.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. 2024 оноос хойш 10 мянга орчим оюутан багш мэргэжлээр суралцах тэтгэлэгт хамрагдсан байна.