Цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар хусдаг сугалаа болон “Мьянмар” улсын үнэт чулуутай холбоотой лайв сугалаагаар дамжуулан иргэдийг залилсан 1298 тохиолдол бүртгэгджээ.
Тодруулбал, залилагчид Facebook-ийн Live-аар дамжуулан үнэт эдлэл, алт, мөнгөн эдлэл зэргийг зах зээлийн үнээс хямд үнээр сугалаанд оруулж, иргэдийг оролцуулдаг байна. Улмаар иргэнд “Та азтан боллоо. Үнэт эдлэлээ авахын тулд урьдчилгаа мөнгө шилжүүлэх шаардлагатай” хэмээн хэлж, мөнгө шилжүүлэн авдаг байна. Мөн цахим орчинд хуурамч сугалаа, хонжворын азтан шалгаруулах лайв зохион байгуулж, иргэдэд итгэл төрүүлэхийн тулд мэргэжлийн мэт харагдах лайв, хуурамч азтан, хуурамч гүйлгээний баримт, гэрчилгээ зэргийг үзүүлж итгэл олж авдаг. Ингээд “Та хожлоо. Шагналаа авахын тулд татвар, шимтгэл шилжүүлнэ үү” гэх мэтээр нэмэлт төлбөр шаардан залилдаг байна.
Иймд иргэд цахим орчинд зохион байгуулж буй сугалаа, хонжворын лайвтай таарвал оролцохгүй байх, сэжигтэй тохиолдолд тухайн хуудсыг “Report” хийхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.