Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн “нам бус” байх нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн “нам бус” байх нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болох тов гарчээ.

Хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт “Хорооны гишүүн улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаарх маргааныг хянан хэлэлцэнэ. Уг маргаан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт болон Монгол Улсын соёрхон баталсан олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоотой асуудлыг хөндөж байгаа аж.

Тодруулбал, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Улсын Их Хурал 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр баталсан бөгөөд уг хуулийн зорилго нь хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, тэдний эрхийг хөхиүлэн дэмжих, хүндэтгэх, хамгаалах, үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах, хамтран ажиллах харилцааг зохицуулахад оршино. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллахаар зохицуулсан байна. Харин Хорооны гишүүн улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэх тухай дээрх зохицуулалт нь иргэний эвлэлдэн нэгдэх эрх, намын гишүүнчлэлтэй нь холбогдуулан хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглосон Үндсэн хуулийн зохицуулалттай нийцэж байгаа эсэх нь маргааны гол асуудал болж байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан нээлттэй болох аж.