Төв аймгийн Заамар сумын нутаг "Ар Наймган" гэх газарт гурван настай охин уурхайн нөөц тогтоох өрөмдлөг, хайгуулын ажил явагдаж байсан талбайн цооногт унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ оны тавдугаар сард /2026.05.29/ гарсан. Тухайн үед Онцгой байдлын алба хаагчид аврах ажиллагааг яаралтай зохион байгуулсан боловч охины цогцсыг л гаргаж авсан юм.
Улмаар тус хэргийг хуулийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байдаг.
Тэгвэл гурван настай охины амь насаа алдсан хэрэгт тухайн алтны шороон ордыг эзэмшиж байсан "Рэдвулкан" гэх компанийн эзэн Л.Мөнхсайханыг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн нэр бүхий хүмүүсийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэсэн тав хүртэлх жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Дээрх харамсалтай хэрэг гарсны дараа урван настай охин амиа алдсан "Ар Наймган"-ы алтны шороон ордны "доод хэсэг"-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Рэдвулкан" гэх компани эзэмшиж байсан MV-015479 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж байсан. Харин тус зөвшөөрлийг албан ёсоор цуцалсан эсэх талаарх мэдээлэл одоогоор алга байна.
Нээлттэй мэдээллийн сангаас үзэхэд одоогоор тухайн тусгай зөвшөөрөл нь тус компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа бол "Рэдвулкан" гэх компанийн эзэн Л.Мөнхсайхан нь тус компанийнхаа гүйцэтгэх захирлын ажлыг өнгөрсөн долдугаар сард Ш.Эрдэнэ гэх хүнд шилжүүлж, бүртгэлээ хийлгэсэн байх аж.
-"РЭДВУЛКАН" ХХК ХҮҮХЭД УНАЖ АМИА АЛДСАН ТАЛБАЙН ЦООНОГУУДАД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙСЭН ХЭМЭЭН ТАЙЛАГНАЖ БАЙЖЭЭ-
Ташрамд өгүүлэхэд, гуравхан настай бяцхан охин аврал эрсээр амиа алдсан хүйтэн цооногтой хайгуулын талбайг Л.Мөнхсайханы "Рэдвулкан" ХХК 2022 онд нөхөн сэргээлт хийсэн хэмээн Ашигт малтмал газрын тосны газарт маягт дээр тайлан гаргаж өгч байсан байдаг.
Тодотговол, "Рэдвулкан" ХХК нь 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс зургаадугаар сарын 19-ний өдрийн хооронд MV-015479 дугаар бүхий ашиглалтын талбайн 51 цооногийн 153 м3 газарт нөхөн сэргээлт хийсэн хэмээн Ажлын мэдээ гаргаж өгч байжээ.
Тус "Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээ"-д "Рэдвулкан" ХХК-ийн захирал Л.Мөнхсайхан, Геологич Ж.Лхам-Очир, Төв аймгийн Заамар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ган-Очир нар тамга дарж, гарын үсэг зурсан байх аж.