Мэдээллийн технологи, сошиал алгоритмын хурдацтай хөгжил олон нийтэд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх сувгийг нээсэн ч, нөгөө талдаа нийгэм, эдийн засгийн хямралт нөхцөл байдлыг хувийн болон арилжааны ашиг хонжоо харах хэрэгсэл болгон ашиглах "цахим манипуляци"-ийг гааруулах болов. Эх оронч, шударга иргэний баг өмссөн цахим идэвхтнүүд олон нийтийн мэдээлэл хомс байдлыг ашиглан талцал үүсгэх, эсвэл сүсэг бишрэл, санхүүгийн доройтлыг нь "байлж" ашиг олох үзэгдэл ч мөн олширчээ.
ВИДЕО:
-ШАТАХУУНЫ ЧАНАРЫГ ЗӨВХӨН ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИД ТУСГАЙЛАН ТОНОГЛОГДСОН НЭГ ЦИЛИНДРТ ТӨХӨӨРӨМЖӨӨР (УИТ-65/85) ХЭМЖИЖ БАТАЛГААЖУУЛДАГ БАЙНА-
Монгол Улсын хэмжээнд шатахууны нийлүүлэлт, орон нутаг дахь хүртээмжийн ачаалал нэмэгдэж, иргэдийн сэтгэл зүй эмзэг байх үед цахим орчинд хуурамч айдас төрүүлэх бичлэгүүд идэвхжсэн байна. Үүний тод жишээ нь иргэн Т.Мөнхжаргалын цахим хуудсаар дамжуулан хийсэн шууд дамжуулалт болон, цахим оринд нийтэлсэн бичлэгнүүд юм. Тэрбээр шатахуун түгээх станцуудаар явж, автобензиний октаныг гар багажаар хэмжиж буй бичлэгийг олноор хүргэсэн. Гэвч түүний ашиглаж буй гар төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс нь "албан ёсны баталгаажсан чанар шалгах төхөөрөмж биш" гэж тодорхойлсон байдаг.
Уг иргэн өмнө нь октан өсгөгч бүтээгдэхүүн худалдаалдаг байсан гэх мэдээлэл цахим орчинд гараад байгаа юм
Ашигт Малтмал, Газрын Тосны Газар болон Шатахууны шуурхай штабаас санамсаргүй түүврийн аргаар ШТС-уудын хошуунаас дээж авч шинжлэхэд АИ-92 бензин 91-91.2, АИ-95 бензин 93.6-96.1 октантай буюу стандарт шаардлага хангаж байгааг тогтоосон байгаа юм. Мэргэжлийн байгууллагын тайлбарласнаар зөөврийн багажаар хэмжихэд октаны хэмжээ нь орчны температур, хадгалж буй сав, бохирдол зэргээс шалтгаалан ±2 нэгжээр зөрөх нь хэвийн үзүүлэлт бөгөөд шатахууны чанарыг зөвхөн итгэмжлэгдсэн лабораторид тусгайлан тоноглогдсон нэг цилиндрт төхөөрөмжөөр (УИТ-65/85) хэмжиж баталгаажуулдаг байна.
Лабораторийн бус нөхцөлд хийсэн тус бичлэгийн улмаас "Монгол Улс ОХУ-аас ирсэн шатахууныг чанаргүй гэж голсон тул нийлүүлэгч тал импортоо зогсоох аман яриа өрнөсөн" гэх албан бус мэдээлэл цахим сүлжээнд өрнөх болжээ.
100 хувь гадаад улсаас хамааралтай стратегийн бүтээгдэхүүн дээр ийм төрлийн баталгаагүй ташаа мэдээлэл тараах нь импортлогч орны харилцаанд сэв суулгах, дотоодын зах зээлд зохиомол хомсдол, урт дараалал үүсгэх эрсдэлийг шууд дагуулдаг гэх судлаачдын дүгнэлт ч бий.
-ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ДАЛД ХЭЛБЭРИЙН СҮСЭГ БИШРЭЛИЙН БОРЛУУЛАЛТ НЬ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХУВЬД СААРАЛ БҮСЭД БАЙНА-
Өөр нэгэн жишээ: Бизнес эрхлэгчид сошиал хандалт, олон зуун мянган дагагч болсон хойноо иргэдийн сэтгэл зүйн эмзэг байдал болон гэнэн итгэмтгий чанарыг арилжааны зорилгоор манипуляци хийх тохиолдол цахим худалдааны салбарт эрс нэмэгдэв. Үүний нэг илрэл нь Ekaterina online shop-ын үүсгэн байгуулагч Катя (Ж.Өлзийжаргал)-тай холбоотой маргаан юм.
Анх бэлэн хувцас, брэнд бүтээгдэхүүний шууд борлуулалтаар олонд танигдсан тус дэлгүүр сүүлийн үед "Мөнгө дууддаг хүж", "Эд баялаг, амжилт авчирдаг шүдэнз" зэрэг шинжлэх ухааны болон бодит ямар ч баталгаагүй, метафизик шинж чанартай барааг зах зээлийн жишиг үнээс хэт өндрөөр сурталчлан борлуулж эхэлсэн байдаг. Хэрэглэгчдийн зүгээс тус бүтээгдэхүүнүүдийг санхүүгийн болон сэтгэл зүйн хүндрэлтэй байгаа иргэдийг төөрөгдүүлсэн, зохиомол итгэл үнэмшил төрүүлэх замаар ашиг олсон үйлдэл хэмээн шүүмжилж буй. Тус хуудсанд барааны чанар, үнийн хөөсрөл болон энэхүү "шидтэй" гэх бүтээгдэхүүний талаар сөрөг сэтгэгдэл, шүүмж бичсэн хэрэглэгчдийг блоклон хандалтыг хаадаг үйлдэл нь хэрэглэгчийн мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж байгаа зөрчил болно.
Үүн дээр нэмээд, Зарим цахим худалдаа эрхлэгчил 170 мянган төгрөгийн үнэтэй Iphone17 гар утас, 60 мянган төгрөгийн үнэтэй алтан гулдмай ч сошиалоор зараад амжсан байгаа юм.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас онлайн худалдааны үнийн ил тод байдал болон хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаанд хяналт тавьдаг ч цахим орчин дахь далд хэлбэрийн сүсэг бишрэл, эмзэг байдалд тулгуурласан борлуулалт нь эрх зүйн зохицуулалтын хувьд саарал бүсэд байна.
-ТЭМЦЭГЧ НЭРТЭЙ ХӨЛСНИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ДАЙРАЛТУУД НЬ "ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ", "БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ" НЭРИЙН ДОР ӨРНӨДӨГ-
Улс орны эдийн засгийн бие даасан байдал, стратегийн хөгжлийг тодорхойлох төслүүдийг эсэргүүцэх хөдөлгөөнүүд ,тэмцэгч нэртэй хөлсний этгээдүүдийн дайралтууд нь "эх оронч үзэл", "байгаль орчны хамгаалал" нэрийн дор өрнөх боловч цаад мэдээллийн бүтэц нь шинжлэх ухааны үндэслэл муутай байдаг нь зарим жишээнээс харагддаг.
Жишээлбэл, Ховд аймгийн Мянгад суманд байрлах, хүнд газрын ховор элементийн дэлхийн хэмжээний орд болох Халзан Бүрэгтэй төсөлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 200 сая гаруй ам.долларын судалгааны ажил хийгдээд байгаа. Төслийн нэгжээс ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран цацрагийн болон байгаль орчны танин мэдэхүйн мэдээллийг орон нутагт тогтмол өгч ажилладаг. Гэвч тус төслийн хайгуулын шатанд гарсан зарим техникийн зөрчлийг даатган, "бүхэлдээ цацрагийн хордлого үүсгэж байна, хүн малын эрүүл мэнд, урагт гаж нөлөө үзүүлж байна" гэх мэтээр шинжлэх ухааны үндэслэлгүй айдас түгээсэн иргэдийн хөдөлгөөний улмаас Засгийн газраас үйл ажиллагааг нь түр түдгэлзүүлж байв.
Төслийн үйл ажиллагаа гацсанаас шалтгаалж 2024-2025 онуудад гэхэд л 3.6 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсныг албан ёсны сонсголоор мэдээлсэн юм.
Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон Халзан Бүрэгтэй зэрэг төслүүдийг эсэргүүцэгч талууд Техник, Эдийн Засгийн Үндэслэл, нарийвчилсан үнэлгээ зэрэг баримт бичигт тулгуурлахаас илүүтэй, сошиал орчинд сэтгэл хөдлөлд суурилсан "поп" уриа лоозон ашигладаг. Энэ нь урт хугацаандаа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үргээж, улс орныг хөгжлийн боломжоос нь хойш татах эрсдэлтэй ч, тэмцлийг зохион байгуулагч хувь хүмүүс сошиалд танигдаж, улс төрийн капитал хуримтлуулах эсвэл далд санхүүжилт авах сонирхолтой байдаг байж болзошүй юм.
Иймд сошиал хэрэглэгчид аливаа мэдээллийг хувь хүний шууд дамжуулалт, хувийн сэтгэлгээ, үзэл бодлоо илэрхийлсэн баталгаагүй мэдээллээс бус, баталгаат эх сурвалж болон мэргэжлийн байгууллагын албан ёсны дүгнэлтэд тулгуурлан шүүлтүүртэй хүлээж авах шаардлага тулгарч байна.