ХУУЛЬ: Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь гишүүн байж болох зохицуулалтыг тусгажээ

ХУУЛЬ: Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь гишүүн байж болох зохицуулалтыг тусгажээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсний дараа “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж нэмэхээр тогтсон.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Уг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ямар нэг нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжиж, Засгийн газар тогтвортой ажиллах, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ, үйл ажиллагааны чадавх дээшлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хуулийг 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Төсөлд:

-Сонгуулийн дүнгээр аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй тохиолдолд улс төрийн нам, эвсэл заавал олонх бүрдүүлж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шаардлагыг Засгийн газрыг эмхлэн байгуулах үндэслэл, журам хэсэгт,

-Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх,

-Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болох зохицуулалтыг,

-Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг УИХ тогтоохоор,

-Ерөнхий сайд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах зохицуулалтыг,

-Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох талаарх зохицуулалтыг,

-Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцохоор, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох зохицуулалтыг тус тус нэмэхээр тусгажээ. Мөн Засгийн газар гэсэн нэршил, Засгийн газрын бэлгэдлийг иргэн, хуулийн этгээд хэрэглэхийг хориглох заалт нэмсэн байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө