Таксины жолоочийг хороож, цогцсыг нь хаясан байжээ

2020-05-18 14:47

М.Мөнхшүр: Үл ялих маргаанаас болж бусдын амь насыг хохироосон

Тавдугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд Баруун салаанд байрлах эзгүй хашаанаас бусдын гарт амиа алдсан эрэгтэй хүний цогцос олдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Баянгол дүүргийн долдугаар хороонд оршин суух хаягтай эрэгтэй “Х” /эр.54н/ нь тавдугаар сарын 11-ны өглөө 06 цагийн орчимд гэрээсээ өөрийн эзэмшлийн автомашинтай таксинд явна гэж гараад гадны нөлөөтэй нас барсан олдсон юм. Энэхүү хэргийг үйлдсэн этгээдийг баривчилсан байна.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад,

“Уг хэрэг дээр талийгаачийн амь насыг хөнөөгөөд зугтсан этгээдийг эрэн сурвалжлах ажлын улсын хэмжээнд тав хоног зохион байгуулж Архангай аймгаас өчигдөр буюу 5 дугаар сарын 17-ны өдөр дайчлан баривчилсан.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс, ЭЦА-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, НЦУГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн ажиллаа.

Сэжигтэн этгээд нь 1980 онд Архангай аймагт төрсөн тус аймгийн уугуул иргэн “М”, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг гарах үед Нийслэл хотод ажил хийх зорилгоор ирсэн тухайн үедээ амь хохирогчтой үл ялих зүйлээс болж маргалдаж амь насыг нь хохироосон гэх зүйлсийг урьдчилан байдлаар мэдүүлээд байна. Сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч хэргийг мөрдөн шалгаж байна” гэв.

2020-05-13 13:43

Таксины жолоочийг хороож, цогцсыг нь хаясан байжээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 12-ны өдөр эзэнгүй хашаанаас үл таних хүний цогцос олджээ. Тодруулбал, "Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баруун салааны Бумбатын рашааны орчимд байх айлын хашаанд толгойноосоо цус алдсан эрэгтэй хүн хэвтэж байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, нас барсан иргэнийг Баянгол дүүргийн иргэн, 54 настай эрэгтэй Х болохыг тогтоосон байна.

Талийгаач нь хэрэг гарахаас нэг өдрийн өмнө буюу тавдугаар сарын 11-ний өглөө таксинд явна гэж гэрээсээ гарсан ч ийн бусдын гарт амиа алджээ. Цогцост хийсэн шинжилгээгээр амь хохирогчийн толгойн яс цөмөрч, гар болон хуруу нь хугарсан байжээ.

Урьдчилсан байдлаар талийгаачийг толгойдоо хүнд гэмтэл авсны улмаас амь насаа алдсан гэж тогтоосон ба хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Хэрэг үйлдсэн этгээдийг орон даяар шуурхай эрэн сурвалжилж эхэлжээ.




Өнөөдөр үхэр өдөр

17 минутын өмнө