Хималайн нурууны мөсөн голууд арван жилийн өмнөхөөс хурдацтай хайлж байгаагийн улмаас энэ зууны дунд үе гэхэд усны нөөц дээд хэмжээнд хүрч, улмаар багасаж эхлэх төлөвтэй байгаа нь бүс нутгийн усны аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэж энэ сард нийтлэгдсэн судалгаанд дурджээ.
Дээрх дүгнэлтүүдийг наймдугаар сарын сүүлчээр Балба-Хятадын хил орчимд Хималайн мөс нурж, улмаар уулын хөндийгөөр хөрсний нуралт, гэнэтийн үер буусны дараа хийсэн байна. Балба болон БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах оронд уг гамшгийн улмаас 1300 хүн амиа алдаж, 5300 гаруй хүн сураггүй болжээ. Мөсөн голууд хайлахын хэрээр доорх хөндийд нь оршин суудаг олон сая хүний дээр тогтворгүй нуурууд үүсэж байгааг судлаагаар тогтоожээ. Эдгээр нуурын ус нь сул чулуу, мөсөөр тогтоогдсон байдаг тул нуранги, үер болох эрсдэл өндөр ажээ.
Энэхүү судалгааг тогтвортой хөгжлийн асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Systemiq” компани “Integrated Mountain Initiative” байгууллага, Уулархаг бүс нутгийн хөгжлийн олон улсын нэгдсэн төв болон Энэтхэгийн Г.Б.Пантын нэрэмжит Хималайн байгаль орчны үндэсний хүрээлэнтэй хамтран хийсэн байна. Сүүлийн хэдэн арван жилд Хималайн мөсөн голуудын хэмжээ багасах явц түргэссэн бөгөөд Афганистанаас Мьянмар хүртэлх найман улсыг дамнан үргэлжилдэг өргөн уудам уулын тогтолцоо болох Хиндүкүш-Хималайн бүс нутгийн 40 мянга орчим мөсөн голын ердөө 21-ийг нь тогтмол хянан ажиглаж байна гэж судалгаанд дурджээ. Мөн Энэтхэгт гамшиг учруулах эрсдэлтэй 200 орчим нуур илрүүлснээс 56-г нь "маш өндөр эрсдэлтэй" гэж ангилсан байна.