Баавгай хүн, малд эрсдэл учруулахаас сэргийлж, холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллахыг БОУАӨ-ийн сайд үүрэгдлээ

Баавгай хүн, малд эрсдэл учруулахаас сэргийлж, холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллахыг БОУАӨ-ийн сайд үүрэгдлээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дүгээр албан даалгавраар хүрэн баавгай хүн, малд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл үүссэнтэй холбогдуулан аймаг, нийслэл, сумын Засаг дарга болон холбогдох байгууллагуудад шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэл өгчээ.

Тодруулбал, хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг 24 цагаар хүлээн авч бүртгэх, эрсдэлтэй бүсэд шуурхай баг ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүнс болон хог хаягдлыг ил задгай байршуулахгүй байх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.  Мөн баавгайн тархалт, хөдөлгөөнийг автомат камер, дрон ашиглан хянах, шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээ авах, зэрлэг амьтны эрүүл мэндийн хяналт, судалгааг эрчимжүүлэхээр заажээ.

Аймгуудаас авсан мэдээллээр 2026 онд Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв аймгуудад 80 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа ба тухай бүр арга хэмжээг авч ажилласан байна.  Одоогийн нөхцөлд баавгайг ичээнд орох хүртэл хугацаанд эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг төлөвлөж, харин цаашид судалгааг хийж, урт хугацааны стратеги, төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлэхийг холбогдох газарт үүрэг болгожээ.

Албан даалгаврын хүрээнд:

Нэг. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:

1.1. Хүрэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээллийг хүлээн авах 24 цагийн шуурхай мэдээллийн утсыг шат шатны байгууллагад ажиллуулж, мэдээллийг аймгийн Байгаль орчны газарт төвлөрүүлэн бүртгэж, холбогдох байгууллагад шуурхай дамжуулах;

1.2. Хүрэн баавгайн зөрчил өндөртэй, давтан орж ирж байгаа болон хүн, малд эрсдэл учруулсан байршил бүрд шуурхай хариу арга хэмжээний баг байгуулж, шуурхай багийн ажиллах үүрэг чиглэлийг тодорхой болгож, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах;

1.3. Дуудлага хүлээн авснаас хойш газар дээр нь очих, иргэдийн аюулгүй байдлыг хангах, нөхцөл байдлыг үнэлэх, баавгайг хүн амын суурьшил, малын хашаа хороогоос холдуулах, шаардлагатай тохиолдолд барих, шилжүүлэн нутагшуулах зэрэг арга хэмжээ авах дарааллыг тогтоож, холбогдох албан хаагчдад сургалт, зааварчилгаа өгөх;

1.4. Эрсдэлтэй бүсэд айл өрхийн орчимд ил задгай хог хаягдал, сэг зэм, хүнсний үлдэгдэл, цагаан идээ болон баавгай татах үнэр бүхий зүйлсийг ил задгай байршуулахгүй байх, битүүмжлэх, зайлуулах арга хэмжээг зохион байгуулах;

1.5. Иргэдэд хүрэн баавгайтай тааралдсан, суурьшлын бүсэд орж ирсэн, малд ойртсон үед авах арга хэмжээний нэгдсэн зөвлөмжийг бүх боломжит мэдээллийн сувгаар хүргэх;

1.6. Цаг үеийн нөхцөл байдлыг ашиглан хууль бусаар ан агнуур хийх, самар, жимс бэлтгэх зөрчлийг таслан зогсоох, байгаль орчны болон цагдаагийн байгууллагын хамтарсан хяналт шалгалт, эргүүлийг эрчимжүүлэх;

1.7. Хүрэн баавгай орж ирж буй мэдээлэлд дүн шинжилгээ хийж, нэн шаардлагатай тархац нутагт биотехникийн арга хэмжээ авах. Биотехникийн арга хэмжээг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу түр хугацаанд хэрэгжүүлж, автомат камерын хяналтаар мониторинг хийх;

1.8. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дур мэдэн баавгайд тэжээл өгөх, нэмэлт тэжээлийн цэг байгуулахыг хориглох, сэрэмжлүүлэг хүргэх;

1.9. Хүн рүү болон айлын хот хашаа, гэр орон руу давтамжтайгаар дайрсан, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой, бодит аюул учруулж байгаа, эрсдэл өндөр тохиолдолд нөхцөл байдлыг үнэлж, эрх бүхий байгууллагын шийдвэрээр шаардлагатай арга хэмжээг шуурхай авах;

1.10. Шуурхай арга хэмжээтэй холбогдуулан хэрэгжүүлж буй арга хэмжээнд шаардагдах зардлыг аймаг, орон нутгийн төсвөөс шийдвэрлэж ажиллах;

Хоёр. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох газрын дарга нарт:

2.1. Аймгуудаас нарийвчилсан мэдээ, мэдээллийг шуурхай авч, дүгнэлт хийж, авах арга хэмжээний төлөвлөгөөг гарган, орон нутгийн шуурхай багт чиглэл өгч ажиллах;

2.2. Хүрэн баавгайн суурь судалгааг хийх санхүүжилтийг төсөвт тусган шийдвэрлүүлэх;

2.3. Хүн болон айлын гэр орон руу давтамжтайгаар дайрсан, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой, бодит аюул учруулах эрсдэл үүссэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авч, хууль тогтоомжид нийцүүлэн эрх бүхий байгууллагад зохих зөвшөөрлийг олгох;

2.4. Орон нутагт биотехникийн арга хэмжээ авахад мэргэжлийн байгууллага, судлаачдаас зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;

Гурав. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга нарт:

3.1. Хүрэн баавгайтай холбоотой эргүүл, мониторингийг эрчимжүүлж, эрт сэрэмжлүүлэг мэдээг шуурхай багт хүргэхэд хамтран ажиллах, эргүүл хяналтыг хийхэд албан хаагчдын аюулгүй байдлыг хангаж, бие хамгаалах хэрэгслээр хангах;

3.2. Хүрэн баавгайн тархац нутаг, эрсдэл бүхий газруудад автомат камер, дрон ашиглан шуурхай багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах;

3.3. Идэш тэжээлийн хомсдолтой, баавгай давтан орж ирж байгаа байршил нутгийг сонгож, баавгайн тархац нутагт шуурхай багтай хамтран биотехникийн арга хэмжээг зохион байгуулах;

3.4. Зайлшгүй шаардлагаар хүрэн баавгайг барих, сэлгэн нутагшуулахад шуурхай багтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;

3.5. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан харьяа нутаг дэвсгэртээ хууль бусаар ан агнуур хийх, самар, жимс бэлтгэх зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэх;

Дөрөв. Сумын Засаг дарга нарт:

4.1. Нутаг дэвсгэртээ хүрэн баавгай үзэгдсэн, хүн, малд ойртсон, хохирол учруулсан талаарх мэдээллийг шуурхай хүлээн авч, аймгийн холбогдох байгууллага болон шуурхай багт дамжуулах;

4.2. Эрсдэлтэй айл өрхөд хог хаягдал, сэг зэм, хүнсний үлдэгдэл болон баавгай татах үнэр бүхий зүйлсийг битүүмжлэх, зайлуулах арга хэмжээ авахыг үүрэг болгох, хяналт тавих;

4.3. Иргэдэд баавгай үзэгдсэн болон эрсдэлтэй бүсэд зорчихгүй байх, баавгай хөөж зураг бичлэг хийх, барих, агнах, тэжээх зэрэг эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг анхааруулж, шаардлагатай үед тухайн бүсээс түр хугацаанд нүүлгэн шилжүүлэх боломжийг судалж, арга хэмжээ авах;

4.4. Шуурхай багт холбогдох албан хаагчдыг оруулж, сумын Онцгой комисс шуурхай багт дэмжлэг үзүүлэн ажиллах;

4.5. Шуурхай арга хэмжээтэй холбогдуулан хэрэгжүүлж буй арга хэмжээнд шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэн, дэмжлэг үзүүлж ажиллах;

4.6. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан харьяа нутаг дэвсгэртээ хууль бусаар ан агнуур хийх, самар, жимс бэлтгэх зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэх;

Тав. Хэрэгжилт, хяналт

5.1. Энэхүү албан даалгаврын хүрээнд хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжүүлж, хэрэгжилтийн явц, үр дүн, гарсан зөрчлийн мэдээллийг нэгтгэн Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газарт ирүүлэх;

5.2. Дээрх хугацаанд цугларсан мэдээлэлд үндэслэн улсын хэмжээний цаашдын авах арга хэмжээний зураглал гаргаж, хүрэн баавгайн амьдрах орчин, идэш тэжээлийн нөөц, зөрчлийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мониторингийн тогтолцоог багтаасан 2027 оны менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулан танилцуулах;

5.3. Энэхүү албан даалгаврын хэрэгжилтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хяналт тавьж ажиллах зэрэг болно.