МАН-ын "томчууд" Х.Нямбаатараас Нийслэлийн МАН-ын хороог авч, Б.Пүрэвдагвад өгөхөөр шийджээ

МАН-ын "томчууд" Х.Нямбаатараас Нийслэлийн МАН-ын хороог авч, Б.Пүрэвдагвад өгөхөөр шийджээ

МАН-ын дотоод зөрчилдөөн ил цагаандаа гарсан гэдгийг хэн бүхэн харж байна. Нэг талаас, Монголын төр энэ хүртлээ доройтсон уу хэмээн асуухад ч үнэндээ багадна.

Учир нь өдгөө УИХ-ын гишүүд толгой өргөх сэхэлгүй ирэх оны төсвөө хэлэлцэж, улсын төсөв тойрсон маргаанаа шийдвэрлэх учиртай. Тийм ч байсан. Гэтэл өдгөө улсын төсөв битгий хэл “би их идсэн, чи бага идсэн” гэх хэрүүл иргэдийг цаг тутам ноолсоор байна.

"МАН-ЫН “ТОМЧУУД” НИЙЛЖ, ӨНГӨРСӨН ХАВРААС Х.НЯМБААТАРЫГ НИЙСЛЭЛИЙН МАН-ААС ЯВУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛСЭН"

Тэгвэл МАН-ын дараагийн зодоон Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх өрсөлдөөнөөр үргэлжиллээ. Энэ нь ч эртнээс яригдсан асуудал. Өнгөрсөн хавраас эхлэн Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх тэмцэл эрчимжсэн.

Тодруулбал, тус намын “томчууд” нийлж, өнгөрсөн хавар Х.Нямбаатарыг хотоос цаашлаад МАН-аас явуулахын тулд ажил, эрх мэдлийг нь авч өгөх тохироотойгоор ХББОС-ын сайд, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг түүний эсрэг ажиллуулсан. Гэвч Э.Бат-Амгалангийн Х.Нямбаатартай тэмцэх тэмцэл олон сар үр дүнгүй үргэлжилж, эцэст нь утгаа алдан, олон нийтийн доог тохуу болохтой зэрэгцэн Ерөнхий сайд Н.Учрал санал гаргаж, сая нэг Х.Нямбаатарыг Хотын даргаас огцруулсан.

Энэ томилгооны давалгаанд А.Баярыг НИТХ-ын даргаас мөн чөлөөлсөн. Харин оронд нь өөрийн дотнын найз Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар, мөн улс төрийн хамтрагч Д.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулсан юм. Өөрөөр хэлбэл, дээрх албан тушаалын эрх мэдлээс Э.Бат-Амгаланг гаргаж, яг өөрийнхөө зурсан зургаар дээрх томилгоонуудыг хийсэн.

"НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫГ Б.ПҮРЭВДАГВАД ӨГНӨ"

Энэ зурсан зураг цааш үргэлжилж, Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалыг Х.Нямбаатараас авч, Хотын дарга Б.Пүрэвдагвад өгөхөөр болжээ. МАН-ын 50 хувийн эрх мэдлийг төвлөрүүлдэг нийслэлийн намын даргын албан тушаалыг Д.Пүрэвдагвад өгөх шийдвэрийг Э.Бат-Амгалан ч хүлээн зөвшөөрсөн байна. МАН-ын дүрмээр ч нийслэлийн намын дарга Улаанбаатар хотыг удирддаг. Энэ дагуу Х.Нямбаатарыг явуулж, Д.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын даргаар сонгож байна гэсэн үг юм.

Нөгөө талд Х.Нямбаатар сонгуулийн амжилтаа тийм амархан булаалгах уу, энэ албан тушаалаараа шалгагдаж буй хэргээ наймаацаад дуугүй явах уу гэдэг ч анхаарал татах асуудал. Учир нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу болон Х.Нямбаатарын зөрчилдөөнөөс үүнийг харж болно.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Хотын дарга байсан хүн нь намын даргаа Канадаас өдөр бүр сошиалаар нүдээд суудаг болсон. Тэр хүн улсын 500 тэрбум төгрөгтэй нь авчрахгүй юм уу. Ерөнхий сайд аа” хэмээн мэдэгдсэн. Харин Хотын дарга асан Х.Нямбаатар “Нохдоороо намын нөхдөө уруулдаг, дайруулдаг ажлаасаа түр хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хийлдээ” хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ. Х.Нямбаатарын хувьд Ерөнхий сайд руу чиглүүлсэн анхны сэтгэгдлээ цахим хуудаснаа бичээгүй гэдгийг санах учиртай. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар Н.Учралд тийм ч амархан бууж өгөөд албан тушаалаа өгөхгүй бололтой.

"НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫГ НИЙТ ГИШҮҮДИЙН ГУРАВНЫ НЭГ ШААРДВАЛ ХУРАЛДУУЛНА"

Сануулахад, Нийслэлийн МАН-ын хорооны ээлжит бус хурлыг Намын хорооны дарга шаардлагатай гэж үзсэн үед хуралдуулдаг. Мөн Нийслэлийн намын хорооны нийт гишүүдийн гуравны нэг болон түүнээс дээш нь албан ёсоор шаардсан тохиолдолд хуралддаг. Цаашилбал, МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр хуралдуулж болдог.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө